Ц.Алтангэрэл: Үйл ажиллагаа нь түр зогссон компаниуд ажилтнуудаа өөр салбарт ажиллуулж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-06 16:42:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) хамтран “Сорилтыг хамтын хүчээр” сэдэвт “Business to Business” цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Хэлэлцүүлэг уулзалтаар "COVID-19"-ийн цар тахлын хямралын үед компани, ААН-үүд бизнесээ оновчтой удирдах, сорилтыг даван туулах талаар орон нутгийн ЖДҮ эрхлэгч нарт цахимаар зөвлөгөө өгсөн юм. Энэ талаар бид "Содура консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрээр "Хямралын үеийн стратегийн менежмент" сэдвээр илтгэл тавьсан юм. 

-Цахим уулзалтад оролцсон ААН-үүд голчлон ямар сэдвээр зөвлөгөө авахыг хүсэж байна. Та бүхэн юу зөвлөв?

-Ер нь бол компанийн үйл ажиллагааны менежмент, стратегиа хэрхэн өөрчлөх, мөн хүний нөөц, маркетингийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй, энэ талаар голлон ярилцлаа. Цар тахлын хүнд хэцүү үед бизнес эрхлэгч нар бие биедээ тусалж, дэмжих шаардлагатай байдаг. Миний хувьд цар тахлын үед жижиг дунд бизнесүүд стратеги бизнесээ хэрхэн төлөвлөх талаар зөвлөлөө. 

Энд 3 стратеги баримталж ажиллах юм. Нэгд, компани, ААН-үүд үйл ажиллагааны харилцах сувгаа сольж, цахим сувгаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, үйлчилгээгээ хүргэж өргөжүүлэх боломж бүхий шийдэл байна. Зарим компани энэ талд хэдийнэ шилжиж амжилттай хэрэгжүүлж байна. Зарим нь харзнасан байдалтай байна. Хоёр дахь стратеги нь нөхцөл байдалтай уялдан эрэлтээ дагаад нэмэгдэж байгаа хэрэгцээг ашиглах боломж юм. 


Тухайлбал, "COVID-19"-тай холбоотойгоор эмнэлгийн хэрэгслүүд, нэг удаагийн хувцас хэрэглэл, амны хаалтны үйлдвэрлэл хэрэгцээгээ дагаад өргөжиж байна. Энд томоохон компаниуд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өөрчилж амны хаалт үйлдвэрлэж байгааг мэднэ. Энэ рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ шилжүүлж байна. Энэ жишгээр компани, ААН-үүд нэгэнтээ бий болсон үйлдвэрлэл болон үйл ажиллагааны бааз суурь, байгуулсан дэд бүтэц, ажилтнуудаа хэрэгцээ шаардлага өндөр байгаа өөр салбарын бизнес рүү чиглүүлэн шилжүүлж стратегиа өөрчилж байна. 

Үүний жишээг "COVID-19"-ийн нөхцөл байдалд, бусад бизнесийг бодвол хамгийн их өртөөд буй аялал жуулчлалын салбар болон агаарын тээврийн кампаниудыг хэлж болно. Тиймээс илүү хүнд, хэцүү байдалд ороод дээрх салбарууд үйл ажиллагаагаа өөрчилж болно. Яаж гэхээр ажилтнуудаа өөр салбар, үйлчилгээнд ажиллуулах буюу ажилчдаа "зээлэх" хэлбэрт оруулж болох юм. Ажилтнуудаа эмнэлгийн байгууллагад ажиллуулж "зээлүүлж" болох юм.


Тодруулбал, эмнэлэг болон анагаахын байгууллагуудад үйлчлүүлэгчдийг тосох, ажилтнуудын нэвтрэх хэсэгт ажиллаж болж байна. Иймэрхүү хэсэг дээр ажиллуулах стратегийг баримтлах нь чухал. Гадаад, дотоодын ААН, компаниудын хувьд энэ стратегийг амжилттай хэрэгжүүлж, хямралыг хэдийнэ боломж болгож чадаж байна. Иймэрхүү хувирах, өөрчлөх стратеги гаргасны дараа компаниуд бизнес төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Ихэнх ААН, компаниуд өмнө нь бизнес төлөвлөлтөө хийхдээ бизнес, үйл ажиллагаагаа дандаа өсгөнө, сайжруулна гэж хийдэг байсан бол одоо хямралын үед хэрхэн, яаж ажиллаж хямралыг даван туулах вэ гэдэг талаас бизнес төлөвлөлтөө өөрчлөн хийж байна. 

-Цахим үйлчилгээнд шилжих дэд бүтэц, суурь манайд хэр хангагдсан гэж үзэж байна? 

-Хангалттай хэмжээнд хангагдсан гэж үзэж байна. Бид зөвлөх үйлчилгээгээр ажиллаж байх хугацаандаа дижитал хувьсгал, аж үйлдвэрийн IY хувьсгал болж байна гэж их ярьж энэ талын ажлыг эхлүүлсэн. Энэ талаар бид, "Та нар дижиталд шилж. Ингэхдээ ажилтнуудынхаа тоог нэмэх биш бүтээмжээ нэмэгдүүл. Шинэ сувгийг ашигла. Суваг гэдэг нь заавал дэлгүүр, агуулах нээхдээ биш юм. Биет сувгаас гадна биет бус суваг гэж байна. Онлайн худалдаа хийгээч" гэж их шахаж шаардах байдлаар олон газар зөвлөсөн. 

Гэтэл өнөөдөр "COVID-19"-ийн цар тахал бид нарыг тэр тал руу хүссэн хүсээгүй түлхээд оруулж байна. Энэ үүднээс өнөөгийн нөхцөлд бид нэг талаас шинэ сорилттой тулгарахаас гадна маш хурдацтай өөрчлөлтийг хийх хэрэгцээтэй болж байна, үүнийг "COVID-19" өгч байна. Мэдээж, ААН, компани бүрийн бэлэн байдал нь харилцан адилгүй. 

Бид зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ бэлэн байдлыг нь урьдчилан дүгнэж үздэг. Бэлэн бус зүйлс байгааг хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Эцэст нь хямрал болгон хэцүү бэрхийг дагуулдаггүйг хэлье. Бас тодорхой хэмжээгээр боломжийг олгож, сорилт шинэ хөгжлийг дагуулдаг.  Тиймээс аливаа хямралыг боломж болгон хараасай гэдгийг хүсье. 

Б.Болд

Гэрэл зурийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ