Д.Трамп халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйд шинжилгээг дахин сайшаажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-03 15:35:49

ВАШИНГТОН. /US News/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгааг шинжилгээг сайтар хийж буйтай холбоотой гэж дахин мэдэгджээ. Тус улсад пүрэв гарагт коронавирусний халдварын тохиолдлын тоо 55 мянгаар буюу өмнө нь аль ч улс оронд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдсэн юм.


АНУ-д сүүлийн долоо хоногийн турш халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь халдварын тархалтыг зохицуулах чиглэлд гаргасан Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг эргэн харахад хүргэж, олон муж улсын захирагч хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөгөө хойшлуулжээ. АНУ-д пүрэв гарагт халдварын 55274 шинэ тохиолдол илэрснээр өмнө нь Бразилд бүртгэгдсэн өндөр үзүүлэлтийг давжээ. Бразилд зургадугаар сарын 19-нд халдварын 54771 тохиолдол бүртгэгдсэн юм.


“Манай улсад шинжилгээг дэлхийн аль ч орноос илүү сайн хийж, олон хүнийг хамруулж байгаа тул халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гаргийн орой “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Халдвараар нас барсан хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д халдварын улмаас 129 мянга орчим хүн буюу дэлхий даяар нас барсан хүний дөрөвний нэг нь бүртгэгдсэн байна.


Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 10.89 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 520066 хүн нас барсан бөгөөд халдварын нийт тохиолдлын 2.76 сая орчим нь АНУ-д илэрчээ. БНХАУ-д өнгөрсөн оны сүүлээр анх илэрсэн халдвар 210 гаруй улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ