Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-03 13:53:29

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токиод хотод пүрэв гарагт коронавирусний халдварын 124 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж тус хотын засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.


Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 100 давж буй нь энэ юм.


“Токиогийн засаг захиргаа эдийн засгаа үе шаттайгаар сэргээх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар халдварын тархалтыг хязгаарлана” гэж тус хотын захирагч Юрико Койкэ сэтгүүлчдэд мэдээлжээ.


Токиод лхагва гарагт халдварын 107 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн тавдугаар сарын 2-ноос хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон юм. Үүнтэй холбогдуулан Ю.Кэйко шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхгүй байхыг иргэдэд уриалсан байна.


Нийслэлд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд хамгийн олон буюу 206-д хүрснээсээ хойш буурсаар байжээ. Японд орон даяар тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын сүүлээр цуцалснаас хойш халдварын тохиолдол эргэн нэмэгдэж эхэлжээ. 

Холбоотой мэдээ