Эрчим баг “Хаан Хүнс Эрчим” нэрээр тоглож анхны цомоо хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-07-03 12:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн улирлын нээлтийн тоглолт болж, SP Falcons баг өнгөрсөн солилцоогоор бүрэлдэхүүнээ М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш, М.Жансерик гэсэн үндэсний шигшээ багийн тоглогчдоор зузаатган, Дэрэн багийг 1:0-ээр хожлоо.


Улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулсан уг тоглолтод SP Falcons баг ийнхүү өрсөлдөгчөө хожиж, шинэ улирлаа гурван оноотой эхлүүлэв. Тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 34 дэх минутад 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөр оруулжээ. Хоёр баг энэ тоглолтод ижил 50 хувьтай бөмбөг эзэмшсэн ч SP Falcons багийн довтолгоо илүү үр дүнтэй болж, 14 удаа өрсөлдөгч багийн хаалга руу цохиж, 6 нь хаалгаа оносон байна. Тоглолтын шилдгээр гоолын эзэн М.Төгөлдөр шалгарлаа.


Энэ өдрийн оргил тоглолт буюу МХБХ-ны Супер цомын төлөө энэ жилээс шинэ нэр дор өрсөлдөж буй 2019 оны "МХБХ-ны цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим болон 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити нар өрсөлдөв. Супер цомын тоглолтод энэ жилээс Хаан Хүнс Эрчим багийн төлөө хүчин зүтгэх болсон Ц.Түмэнжаргал тоглолтын 3, 33, 61 дэх минут тус бүрд гоол оруулан хет-трик үзүүлж, дебют тоглолтдоо шилдэг гэдгээ харууллаа. Харин тоглолтын үлдсэн ганц гоолыг Ц.Энхтөр нэгдүгээр үеийн 26 дахь минутад оруулсан юм.


Энэ улирал лигийн аваргын цомоо хамгаалах зорилготой Улаанбаатар Сити баг тус тоглолтод хожигдоод зогсохгүй тус багийн гол тоглогчид болох довтлогч О.Мижиддорж болон хагас хамгаалагч Б.Цэрэнбаяр нар гэмтэл авсан. Эрчим баг ийнхүү түүхэндээ найм дахь удаагаа Супер цомын эзэд болсон бөгөөд Хаан Хүнс Эрчим гэх нэрээр тоглож анхныхаа цомыг хүртэж байна.

Холбоотой мэдээ