Ардчиллыг дэмжигч идэвхтэн Хонконгийг орхижээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-03 11:21:59

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтэн Натан Лоу нутаг дэвсгэрээ орхижээ. Тэрбээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн талаар АНУ-ын Конгрессын сонсголд үг хэлснээсээ хойш эрсдэлтэй нөхцөл байдалд орсон мэт санагдсан тул ийм замыг сонгосон гэж мэдэгджээ.


Н.Лоу пүрэв гарагт “Facebook” хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгджээ. Тэрбээр Хятадын Коммунист нам авторитар дэглэмээ өргөжүүлж байгаатай холбогдуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг Хонконгийн оршин суугчдад, сонор сэрэмжтэй байхыг бусад оронд уриалсан байна.


Мөн Н.Лоу АНУ-ын Конгрессын сонсголд оролцохоор шийдэх үедээ нутаг дэвсгэрээ орхиж болзошгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй учир бэлтгэлтэй байсан гэж мэдээлжээ. Тэрбээр өөрийгөө хаана байгаа талаар хэлээгүй боловч тэмцлээ олон улсын түвшинд үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.


Н.Лоу АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонсголд лхагва гарагт цахимаар оролцож, үндэсний аюулгүй байдлын тухай хууль мягмар гарагт хэрэгжиж эхэлснээс хойших Хонконг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярьсан юм.


Ажиглагчдын үзэж буйгаар, Н.Лоу сонсголын үеэр хэлсэн үгнийхээ улмаас шинэ хуулийн дагуу шийтгэл хүлээхээс эмээсэн байж магадгүй ажээ.


Н.Лоу нь ардчилсан сонгууль явуулахыг дэмжихийг залуучуудад 2014 онд уриалсан “Шүхэр” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг юм. Тэрбээр ирэх есдүгээр сард болох Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлээд байжээ. 

Холбоотой мэдээ