Хэнтий аймагт өнгөрөгч сард таван иргэн живж амь насаа алджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-02 10:25:21


Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж үерлэсний улмаас таван хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 23-ны 11 цагт аав, охин хоёр сураггүй алга болсон дуудлага Дадал сумаас аймгийн онцгой байдлын шуурхай албанд иржээ. Тэднийг хайхаар ОБГ-ын 13 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд таван настай охин С-ийн цогцсыг олсон бол аавынх нь цогцос олдоогүй байна.

Мөн эл өдөр 19 цаг 18 минутад ОБГ-ын шуурхай албанд гурван иргэн усанд живсэн дуудлага иржээ. Баянмөнх сумын Баянбулаг багийн нутаг Жаргалант гэдэг газар Хэрлэн голд гурван иргэн осолдсон байна. Тэд 20-32 насны залуус байжээ. Хэнтий аймгийн онцгой байдал, Багануур дүүргийн албан хаагчид, Бор-Өндөр сумын онцгой байдлын албан хаагчид тус сумын 13 иргэн нийлсэн 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж байна. Хоёр иргэний цогцос олдсон бол нэг иргэнийх олдоогүй байна.

Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа П.Элбэгсайханы мэдээлснээр гол мөрний усны түвшин эрс нэмэгдсэн. Хэрлэн, Онон, Барх, Эг голууд 1-12 см нэмэгдсэн бол Балж гол 40 см, Хурх гол 32 см, Онон гол 31 см нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. Дахин Хэнтий аймгийн нийт нутгаар долдугаар сарын 2,3-ны өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул ард иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

 

Холбоотой мэдээ