Токиогийн “Disneyland” нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-07-01 15:17:43

ТОКИО. /Kyodo/. Цар тахлын улмаас дөрвөн сар гаруйн турш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Токиогийн “Disneyland”, “DisneySea” өнөөдөр нээгдлээ. Халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд үйлчлүүлэгчид зайнаас харилцах шаардлагатай юм.


Oriental Land” оператор компани үйлчлүүлэгчдийн тоог цар тахлын өмнөх үеийнхээс тал хувиар бага байлгахын тулд тасалбарыг цахимаар урьдчилан захиалах нөхцөлийг бүрдүүлжээ. Паркууд өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нөөс хаагдсан бөгөөд одоо богиносгосон цагийн хуваариар буюу өглөөний 8 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллах ажээ.



Тоглоом, зоогийн газрууд урьдынхтай харьцуулахад цөөн үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болсноос гадна үзүүлбэр, жагсаал зэрэг ихэнх энтертайнмент арга хэмжээг зохион байгуулахгүй юм. Мөн үйлчлүүлэгчдийн хувьд парк руу орохдоо халуунаа шалгуулж, амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд “Disney”-н дүрүүдтэй уулзах үедээ тодорхой зайг баримтлах хэрэгтэй.


“Бид баярын жагсаалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх боломжийг судалж байна” гэж паркийн ажилтан мэдээлжээ. Өнөөдөр салхитай байсныг үл харгалзан “Disney”-н шүтэн бишрэгчид амны хаалтаа зүүн паркаар үйлчлүүлсэн байна. Паркийн нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байснаа Oriental Land” компанийн өөр нэгэн ажилтан ярьжээ. 



Холбоотой мэдээ