Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-30 15:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын цэргийн наадам-2020" энэ оны 8 дугаар сарын 23-нд ОХУ, Казахстан, Беларусь, БНХАУ, Монгол зэрэг 10 улсад нэгэн зэрэг болно. 

Наадамд одоогоор 32 орны 200 гаруй баг оролцохоо мэдэгджээ. Үүнээс Саудын Араб, Йемен улс “Аюулгүй орчин” тэмцээнд, Палестин улс “Цэргийн эмнэлгийн буухиа”-д анх удаа оролцохоор болжээ.

Техник хүлээж авах, бэлтгэл хийх, сугалаа явуулах, шүүгч болон талбайн шүүгчдэд сертификат олгох ажиллагаа 8 дугаар сарын 10-22-нд болж, Олон улсын цэргийн наадмын нээлт 8 дугаар сарын 23-нд олон улсын цэргийн техникийн форум “Арми-2020”-ийн хамт зэрэг эхэлж, хаалтын ажиллагаа 9 дүгээр сарын 5-нд болох аж. 


Наадмын өмнө ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газраас “Олон улсын цэргийн наадам-2020”-ын 3 дугаар шатны төлөвлөлтийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хурлаар дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор наадмын нээлт, үйл ажиллагаа, бэлтгэлийг ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах талаар хэлэлцлээ. 


“Олон улсын цэргийн наадам-2020"-д 32 орны 200 гаруй цэргийн баг оролцоно


Халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Олон улсын цэргийн наадам-2020”-д оролцогч нарт тавих эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, зааварчилгааг ОХУ тэмцээнд оролцогч болон зохион байгуулагч орнуудад цэргийн дипломатын шугамаар илгээж байгааг ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал А.В.Перязев мэдэгдлээ. 

Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг явуулна. Мөн “Цэргийн ралли” тэмцээний нэгдүгээр шатны уралдааныг ОХУ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар энэ уралдаанд Монгол, ОХУ, Казахстан улс оролцогчоор, Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, БНСУ, Турк болон Япон улсын цэргийн атташе нар тухайн улсын төлөөлөл болон ажиглагчаар оролцох нь. “Цэргийн ралли” тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Серби, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг 6 улс оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.


Манай оронд болох уралдаан тэмцээнд ирж оролцох цэргийн алба хаагчдыг уралдааны бэлтгэл шатанд "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлж, уралдаан эхлэхээс 35 хоногийн өмнө Монгол Улсад хүлээн авч 21 хоног тусгаарлалтад, 14 хоног хөл хорионы хяналтад байлгах аж. 14 хоногийн хөл хорионы хугацаанд багуудыг уралдаан явуулах газарт байрлуулж нэгдсэн бэлтгэлд хамруулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ бүгд нь УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, дотоодын хорио цээрийн дэглэм энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тохиолдолд уралдаанд оролцох баг тамирчдыг 7 дугаар сарын 15-нд Монгол Улсад хүлээн авснаар хэрэгжих аж. Тиймээс УОК-оос гарах дараагийн шийдвэрээс шалтгаалж баталгаат төлөвлөгөө гаргах юм байна.


Холбоотой мэдээ