Амсхийх завгүй замчдын нэг өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
khandmaa@montsame.gov.mn
2020-06-30 18:51:48

                                                                                        -Тэмдэглэл-
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын 1-р ангийн ахлах инженер З.Баттулга, 1-р хэсэглэлийн төлөвлөлт  хариуцсан бригадын дарга О.Баярцэнгэл, жолооч Н.Түмэндэмбэрэл нарын хамтаар өглөө эртлэн Дархан хотоос гарч Замын 1-р ангийнхны ажлын талбарыг зорилоо. Орхон голын хөвөөгөөр УАЗ-469 машин хөлөглөн давхиж явахуйд хөх ногоо савсаж, хөхөмдөг уулсын оройгоор борооны үүл хуралдаад л, зөөлөн хонгор салхинаас газрын чийг анхилаад хачин сайхан мэдрэмж төрүүлнэ. Дийлэнх нутгаар гандуу байгаа энэ жилийн хувьд Дарханы бүс нутгаар зуншлага харьцангуй сайн байна. 

            Зам зуур ахлах инженер З.Баттулга хамт олныхоо гүйцэтгэж буй ажлын талаар надад товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгөв. Замын 1-р ангийн хамт олон түүхт 70 жилийн ойгоо угтаж 70 бүтээлч ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрийн нэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж хэрэгжүүлсэн "Замын техникийн байдлыг сайжруулах төсөл". Энэ сарын 15-нд дуусгах уг төслийнхөө хүрээнд тэд тодорхой ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаагаас Орхон-Энхтал хоорондын 10 км замыг жишиг км болгон засварлах ажил томоохон ач холбогдолтойд тооцогдохыг тэрбээр онцоллоо. Зам хэмжигчийн баллаар гарсан дүн мэдээ, олон жилийн судалгаа, замын техникийн байдал зэрэгт үндэслэн хамгийн өндөр эрсдэлтэй 10 км-ийг тус ангийнхан ийнхүү сонгож авчээ.


            Биднийг зорьсон газраа очиход замчид аль хэдийн ажилдаа шамдан орсон байв. Энд ангийн хэмжээний 16 хэсгийг нэгтгэн 10 бригадад хуваарилсан бөгөөд бригад бүр нэг км замын завсарыг хариуцан ажиллаж байгаа аж. Засварын ажилд нийт 200 гаруй замчин оролцож байгаа бөгөөд тус ангийн захиргаа, аж ахуй, эдийн засагч, санхүүч, үйлчлэгч, жижүүр, тогооч гээд тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй диспетчерээс бусад нь бүгд энд иржээ. Замчид үндсэн үүргээ гүйцэтгэж, арын албаныхан харин эрсдэл бага бүсэд буюу хориг хашаа, тэмдэг тэмдэглэгээ, суваг шуудууны ажилд ханцуй шамлан орсон харагдана. Ийнхүү 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр шахуу хуваариар ажиллахдаа өмнөх өдөр нь нийт ажлынхаа 60 хувийг амжуулсан байна. "Өнөөдөр мөн л хурд бууруулсан анхаарамжтайгаар үлдсэн 40 хувийг хийж гүйцэтгэнэ дээ" хэмээн хүн бүр урам зориг дүүрэн өгүүлэх аж.

             Тэдний ийнхүү жишиг км болгон засаж байгаа замд сүүлийн арав гаруй жил их засвар хийгээгүй бөгөөд эрсдэлийн үнэлгээгээр 7 км нь "их эрсдэлтэй", 3 км нь "бага эрсдэлтэй" гэж дүгнэгдсэн байна. Тиймээс тэд дээрх эрсдэлийг арилгахаар бүх хүчээрээ ажиллаж байгаа нь энэ.  

            Замын хэмжээнд СИРДП-Е систем нэвтэрч, цувраа галт тэрэг аялах болсон энэ үед ийнхүү хамтын хүчээр богино хугацаанд их ажил амжуулж байгаа нь цаг үеэ олсон шийдэл төдийгүй цаашид энэ хэлбэрээр хөдөлмөр зохион байгуулалтаа хийхэд нэн чухал туршлага болох нь ойлгомжтой. Ингээд тэдний ажлын талбараар явах зуур  замчдын сэтгэгдлийг сонслоо.


М.Чулуундорж: Замчид богино хугацаанд их ажил амжуулах шаардлагатай болсон

  V хэсгийн замчин

-Манай хэсгийн 13 замчин бүгд ажиллаж байна. Замчдын маань дийлэнх нь залуус болсон. Би төмөр замд 23 дахь жилдээ ажиллаж байна. Манай хэсгийн хариуцсан замд тахир тойруу ихтэй, үзэгдэлт муутай гээд их эрсдэлтэйд тооцогддог. Их засварт оролгүй олон жил болсон учраас замын бүтэц ихээхэн муудсан байсан. Ингээд олны хүчээр богино хугацаанд засахад урамтай байна. Цаашид бусад км-ээ сайжруулах ажилд ханцуй шамлан орно. Ер нь, манай УБТЗ жилээс жилд хөгжиж байна шүү дээ. Намайг ажилд орох үед энэ хэсэг бүхэлдээ модон дэртэй байсан бол одоо 80 хувь нь төмөр бетон дэртэй боллоо. Төмөр бетон дэртэй болсныг дагаад ажлын ачаалал ч харьцангуй буурсан. Шинэ систем нэвтэрч буйтай холбогдуулаад хэд хэдэн туршилт хийгдлээ. Замчид бидний хувьд харин өмнөхөөсөө хэд дахин өндөр сонор сэрэмжтэй, ачаалалтай ажиллах цаашлаад галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт ихэссэн учраас богино хугацаанд их ажил амжуулах шаардлага л тулгарч байна.

            Их ажлын төгсгөлийн өдрөө тэд "Ажил мэргэжлийн уралдаан" зарлажээ. Гүйцэтгэсэн ажлын чанар, гадаад үзэмжээс эхлээд бүх үзүүлэлт нь нэгтгэгдэн эхний гурван байрыг шалгаруулах учраас ажил удирдагч нар бригадынхаа зохион байгуулалтаас эхлээд нягт нямбай ажиллаж байгаа нь илэрхий.



Б.Ренчинбямба: Амсхийлгүй ажиллаж байж хугацаандаа багтана

III хэсгийн мастер

-Нэг бригадын дарга, жолооч, 14 замчны бүрэлдэхүүнтэйгээр 81 дүгээр км-ын их засварын ажлыг хариуцан ажиллаж байна. Өнөөдөр /пүрэв гарагт/ ажил мэргэжлийн уралдаан зарласан учраас хүн бүр хариуцсан ажлаа шаргуу хийж байна. Замын балласт шуух, бэхэлгээ солих зэрэг ажлууд хийгдэж байгаа. Хурд бууруулсан анхаарамжтай ажиллаж байгаа учраас ер нь амсхийх завгүй байна даа.

            Их ажлын талбарт ган төмөр харших, ажил удирдагч нар гар станцаар замчдад зааварчилгаа өгөх чимээ холилдон сонсогдоно. Тэд зөвхөн өмнөх ажилдаа махарч, зөвхөн галт тэрэг ирэх үед л замаа түр чөлөөлж  харагдана.


Э.Нэргүй: Замын гэмтлийн 80 хувь нь уулзвар дээр гардаг

Замын VI хэсгийн бригадын дарга

-Манай бригадын хувьд 83 дугаар км-ийг хариуцан ажиллаж байна. Өчигдөр бид бүх уулзварын стекийг чигжих, ул шороо янзлах, сөртөс авах, хадаас нэмэх, хөөлтийг эсэргүүцэгчийг дахин шинээр байршуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Замын гэмтлийн 80 хувь нь уулзвар дээр гардаг. Тиймээс энэ төрлийн гэмтлээс сэргийлэх зорилгоор уулзваруудаа сайтар чигжиж байгаа юм.

            Тэнд очсон хүн зогсолтгүй ажиллаж, тэр ч бүү хэл гал тогоонд хоол хийх ч хүн үлдэхгүй ажлын талбар руугаа яарах аж. Арын албаныхан болох захиргаа, санхүүгийнхний үүрэг гүйцэтгэж буй газарт очлоо. Эрчүүд нь бетон шонгийн нүх ухаж, эмэгтэйчүүд өргөст тор сольцгоох аж.


Ч.Түмэн-Өлзий: Удам дамжин өвлөгдсөн мэргэжлээрээ би бахархдаг

Ашиглалтын инженер

-Би удам дамжсан төмөр замчин. Аав минь төмөр замд 35, ээж 30 жил ажилласан. Замын мастер Д.Чулуун гэдгээр нь төмөр замчид аавыг минь андахгүй дээ. Ээж маань С.Цэдэнпагам гэж замчин, сум цэвэрлэгчээр ажиллаж байсан хүн. Миний хань Д.Мөнхтөр XIV хэсэгт замчнаар ажиллаж байна гээд манайхан бүгд төмөр замтай ажил амьдралаа холбосон. Одоо бид хоёр хүү, хоёр охинтой. Гэр бүлээрээ энэ сайхан ажил хөдөлмөрийн талбарт сэтгэл, зүтгэлээ зориулж яваа нь миний амьдралын хамгийн том бахархал юм даа. Нэг л мэдэхэд энэ мэргэжилтэй амьдралаа холбоод 21 жил болжээ. Ангийнхаа 70 жилийн бүтээн байгуулалтад захиргаа, аж ахуйн хамт олонтойгоо гар нийлэн оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Бид Орхон-Энхтал хоорондын 85 дугаар км-т зүүн талд нь 1 км хориг хашаанд их засвар хийлээ гэв. Мөн энэ үеэр гүүрийн мастер П.Галиндэв "Жишиг км болгох ажлын хүрээнд бид нийт 11 хиймэл төхөөрөмжид урсгал засвар хийлээ. Мөн суваг шуудуу гарган ажиллалаа. Ул шорооны өндөрлөгөөнөөс нуралт үүссэний улмаас хиймэл байгууламж гэмтэж, битүүрдэг учраас манай бригад тэдгээрийг засах үүрэгтэйгээр ажилладаг" гэв.

 

            Орхон-Энхтал хоорондын 80-89 дүгээр км-ийг "Жишиг км" болгох ажлын хүрээнд замыг өргөж, чигжих, балласт засах, шуух, дэрийн сөртөс авах, чиг татах зэрэг ажлуудыг хийсэн байна. Түүнчлэн, 2000-гаад дэр модыг сольж, уулзварын гүйлтийн зөрүү арилгах зорилгоор тодорхой хэмжээний зам төмөр, хадаас, ивүүр, бэхэлгээ, резин жийрүүдийг ч сольсон аж.


            Замчид жаргах нартай уралдан их ажлынхаа цаана амжилттай гарлаа. Ажлын төгсгөлд ангийн удирдлагууд бригадуудын ажлыг дүгнэж, манлайлагчдыг тодруулав. Мөн цар тахлын улмаас хойшлогдоод байсан зангилааны болоод ангийн хөдөлмөрийн аваргууд, шилдэг ажилтнуудынхаа шагналыг хамт олных нь өмнө гардууллаа. Энэ үеэр Замын I ангийн дарга Л.Жаргалсайхан:

-Манай хамт олон хоёрхон өдрийн хугацаанд хурд бууруулсан анхаарамжтайгаар 10 км замын их, дунд, өргөлтийн засварыг өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоор амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг хийхэд конторын ажилчид, засварын газрынхан, барилгын бригадынхан гээд гар бие оролцоогүй хүн байхгүй. Конторын ажилтнууд эрсдэлгүй ажлын байранд хориг хашаа, замын тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, суваг шуудуу ухаж сэргээх зэрэг ажлыг сайн хийлээ. Үүний ч хүчинд бид өмнө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ гэж бодож байна. Энэхүү ажлыг хийснээрээ нэгдүгээрт, түүхт 70 жилийнхээ ойг угтаж бүтээн байгуулалт өрнүүлсэн. Хоёрдугаарт, хоорондын замын ажлыг ангийн бүрэн бүрэлдэхүүнээрээ богино хугацаанд гүйцэтгэж болох юм гэдгийг харуулсан бодит жишээ боллоо. Тиймээс энд хүрэлцэн ирж ажилласан нийт замчдадаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Цаашид бид КД бэхэлгээн дээр дэр мод солих ажлыг мөн томосгосон бригадаар зохион байгуулна. Мөн АРС бэхэлгээн дээр хоорондын замд тууш бетон дэр солих ажлыг ангийн хэмжээнд зохион байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил бий. Тэгэхээр цаашид хийсэн ажлаасаа туршлагажиж илүү өндөр зохион байгуулалттай ажиллах үндэс суурийг бүрдүүлнэ гэж харж байна. Нэмж хэлэхэд 10 км-ын ажлыг хийхдээ бид СИРДП-Е төслийн Т-800 загварын гар станцийг ашиглан удирдлага зохион байгуулалтаар хангалаа. Энэ бол 300 гаруй төмөр замчны аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан, галт тэргийг мөрдүүлэн аялуулахад томоохон хэмжээний ололт болсон явдал гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу гэв.

            Тухайн өдөр 84 дүгээр км-ийн засварыг гүйцэтгэсэн Н.Баасанбаяр мастертай 14 дүгээр хэсгийн замчид нэгдүгээр байрт, Э.Нэргүй мастертай VI хэсгийн замчид дэд байрт, Г.Одням мастертай IX, XII, XVI хэсгийн замчдаас бүрдсэн бригад гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Гэхдээ эцсийн оноог зам хэмжигчийн баллаар дүгнэх юм байна.

            Замын ангийн хэсгүүдийн замчдыг нийлүүлэн бригадад хуваарилж ажиллуулснаар бригадын дарга нарын ур чадварыг сорих, бие биенээсээ тэргүүн туршлага солилцоход ч өндөр ач холбогдолтой гэдгийг тус ангийн удирдлагууд онцолж байсан юм. Ийнхүү амсхийх завгүй их ажлын талбарт алжаах завгүй замчдын нэг өдрийг зурагласнаар аяны жолоо эргүүлэв.



                                                                                                                                                                    Сэтгүүлч Б.Дэлгэрхишиг

Холбоотой мэдээ