Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрэмжит болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Лодонгийн Түдэв нь манай улсын утга зохиол, соёл урлаг, сэтгүүлзүйн салбарын нэрт төлөөлөгч, ХХ зууны манлай, соён гэгээрүүлэгчдийн нэг юм. Тэрээр Монголын Залуучуудын болон зохиолчдын байгууллагыг удирдаж байсан, эрдэмтэн доктор бөгөөд энэ оны 4 дүгээр сард таалал төгссөн билээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох талаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ.