Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-30 15:10:11

Булган /МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын баг Булган аймагт ажиллалаа.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тасралтгүй, хэвийн ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой ажлын баг аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газарт ажиллаж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн дарга нарт Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийж буй үйл ажиллагааны талаар сургалт, хэлэлцүүлэг хийлээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам:

- Сонгуулийн дараа халаа сэлгээ явагдах ёсгүй. Энэ үүднээс Төрийн албаны тухай хууль батлан гаргасан. Төрийн албан хаагч хэн нэгний шахалтаар өөрийн хүсэлтээр төрийн албанаас гарах юм бол эргэж орохдоо шалгалт өгнө гэдгийг сайн бодох ёстой. Төрийн албан хаагч улс төрийн сонгуульд аливаа хэлбэрээр оролцохгүй гэж хуульд заасан. Хэдийгээр төрийн алба улс төрийн бодлогыг хэрэгжүүлдэг ч мерит зарчим, шатлан дэвших тогтолцоо, төрийн албаны хараат бус, мэргэшсэн, тогтвортой байдал  бол улс төрөөс ангид байна гэсэн үг. Төрийн алба тогтвортой байж мэргэшинэ. Төрийн алба түвшин, сайн, цэгцтэй, мэргэшсэн байна гэдэг бол улс  орны хөгжлийн цорын ганц түлхүүр юм гэлээ.  

Төрийн албаны зөвлөлийн референт М.Алтанбагана, Б.Оюунсан, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөх З.Цолмонбаяр нар төрийн албаны тусгай шалгалт, төрийн албаны хүний нөөцийн талаарх дүрэм, журмын хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагад бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх санаачилга зэрэг сэдвээр сургалт хийлээ.

Холбоотой мэдээ