“Хонины ноосны чанарыг сайжруулах" Олон улсын сургалт болж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-30 14:50:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хонины ноосны чанарыг сайжруулах” Олон улсын сургалт энэ сарын 29-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд эхэллээ. Сургалт долоо хоног үргэлжлэх юм.

Дундговь аймаг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж байгаа ба тус сургалтыг энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Сайнцагаан сумын Далай баг дээр зохион байгуулж байгаа ажээ.

Сургалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Тапан Мишра болон төслийн зохицуулагч Г.Мөнхболор болон төслийн баг, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн ХХААГ-ын дарга нар, мэргэжилтнүүд оролцож байна.

ЮНИДО нь ХХААХҮЯ-тай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд хонины ноосны чанарыг сайжруулах олон улсын сайн туршлага нэвтрүүлэх ажлыг 2019 онд Алтайн Уулсын Оргил малчдын дундын хоршоотой хамтран Ховд аймгаас эхлүүлсэн бөгөөд энэ удаад Дундговь аймагт төслөө хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Дундговь төдийгүй Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Төв, Хөвсгөл зэрэг аймгийн малчдын хоршоо, МСҮТ болон ажил хайж буй залуучуудыг оролцуулан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хонь хяргах, ноос ангилан ялгах, преслэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх цогц сургалтыг ийнхүү зохион байгуулж байгаа аж.

Цаашид олон улсын хөгжлийн туслалцааны байгууллагуудтай хамтран өрсөлдөх чадавх бүхий ажиллах хүчийг сурган хөгжүүлж малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах, орон нутгийн,үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг Олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, дотоод болон экспортын зах зээлд сурталчлан борлуулах замаар аж үйлдвэрлэлийг орон нутагт тогтвортойгоор хөгжүүлж ажлын байр, орлого нэмэгдүүлэх зорилготой юм. 

Холбоотой мэдээ