Оросууд АНУ-ын эсрэг талибуудтай хуйвалдсан гэх талаар Трампт мэдэгдээгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-28 14:37:58

ВАШИНГТОН. /BBC/. ОХУ-ын тагнуулууд Америкийн цэргүүдэд халдсаны хариуд талибуудтай холбоотой босогчдод шагнал санал болгосон гэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт мэдэгдээгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинани мэдээлжээ. Энэ хооронд ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөх Жо Байдан түүнийг Москвагийн эсрэг арга хэмжээ авах чадваргүй гэж шүүмжилсэн байна.


Оросын цэргийн тагнуулын нэгэн алба өнгөрсөн жил Афганистан дахь олон улсын эвслийн алба хаагчид руу тэр дундаа Америкийн цэргүүд рүү халдахыг “Талибан” хөдөлгөөний босогчдод санал болгосон гэх нийтлэл “New York Times” сонин баасан гарагт гарчээ. Тус сонинд мэдээлснээр, тагнуулчдын ийм дүгнэлтийг Трампт “хэдэн сарын дараа” танилцуулсан аж.


"АНУ-ын эрх баригчид "өдөрт хэдэн мянган тагнуулын тайлан хүлээн авч, хатуу дүн шинжилгээ хийдэг" болохыг Макинани сануулсан байна. “Хэдийгээр Цагаан ордон тагнуулын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл эсвэл дотоод хэлэлцүүлгийн талаар ихэвчлэн тайлбар өгдөггүй боловч Америкийн цэргүүдийг хороосны хариуд ОХУ Афганистаны босогчдод нууцаар шагнал санал болгосон гэх талаар Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн хэнд нь ч мэдээлэл өгөөгүй. Үүнийг ТТГ-ын дарга, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах, мөн Цагаан ордны тамгын газрын дарга нар баталж чадна” гэж тэрбээр мэдэгджээ. “Энэ нь тагнуултай холбоотой мэдээлэлд давуу байдаг талыг нь бус харин энэ асуудлыг Ерөнхийлөгч Трампт мэдэгдсэн гэж буруу таамагласан “New York Times” сонины материал алдаа мадагтай гэдгийг харуулж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.


Байдены мэдэгдэл

Хэрэв энэ нийтлэл үнэн бол "үнэхээр цочирдом илчлэлт", тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч хариу арга хэмжээ аваагүй нь үнэн болж хувирна гэж Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден мэдэгдэв.


Энэ тохиолдолд Трамп Оросыг "олон улсын хууль тогтоомжийг доромжилсных нь" төлөө шийтгэж чадаагүй төдийгүй Оросын Ерөнхийлөгчийн өмнө доромжлох бодлогоо үргэлжлүүлсэн гэж тэрбээр хэлсэн байна. Байден мөн хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол Владимир Путинийг сөрөн зогсож, хийсэн үйлдлийнх нь хариуцлагыг ОХУ-д хүлээлгэнэ гэж амлажээ.


Санал болгосон шагнал нь Трамп Афганистанаас цэргээ татахыг оролдох тэр мөчид АНУ-ын цэргүүд рүү хийх дайралтыг өдөөх ёстой байсан гэж нийтлэлд бичсэн байна.


Афганистанд энх тайван тогтоох үйл явцыг эхлүүлэх, АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн дайныг эцэс болгох гэрээг АНУ болон “Талибан” хөдөлгөөн хоёрдугаар сарын сүүлчээр байгуулсан билээ. Уг гэрээнд Америкийн цэргүүдийг үе шаттайгаар гаргах тухай заалт оруулсан юм. Одоо Афганистан дахь АНУ-ын цэргийн тоо 8600 орчим болж цөөрчээ.


Өнгөрсөн жил Афганистанд болсон байлдааны ажиллагааны үеэр АНУ-ын 20 цэрэг амь үрэгдсэн боловч тэдний хэн нь  шан амласны хариуд алагдсан нь тодорхойгүй байна гэж “New York Times" сонин Афганистаны босогчид болон гэмт бүлэглэлийн гишүүдийг байцаасны дараа америкчуудаас олж авсан мэдээллээсээ иш татан бичжээ.


Талибуудын мэдэгдэл

“Талибан” хөдөлгөөнийхөн Оростой хуйвалдсан гэх мэдээллийг үгүйсгээд хоёрдугаар сард Вашингтонтой байгуулсан гэрээнд тууштай байгаа гэдгээ бямба гарагт мэдэгджээ.


Талибууд мэдэгдэлдээ 19 жилийн турш зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлэхдээ тагнуулын ямар нэгэн байгууллага, гадаад улс орнуудын өмнө ямар нэгэн өргүй гэдгээ дурдсан байна. Түүнчлэн Афганистан дахь АНУ-ын цэргүүд байлдааны ажиллагааны үеэр бус, ихэвчлэн гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн дэлбэрэлтэд өртөж амиа алддаг гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Москвагийн мэдэгдэл

ОХУ-ын Гадаад хэргийн яам “New York Times" сонины нийтлэлийн талаар тайлбар өгөхдөө, уг нийтлэлийг Америкийн тагнуулынхны хаясан “гэнэн өгөөш” гэж мэдэгджээ. “Энэ гэнэн өгөөш” нь Америкийн тагнуулын суртал ухуулгын ажилтнуудын оюуны чадвар сул байгааг тод харуулав. Тэд илүү найдвартай зүйлийг бодож олохын оронд иймэрхүү утгагүй зүйлийг л гаргаж ирнэ” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Афганистанд хар тамхины наймаанд АНУ-ын тагнуулын ажилтнууд оролцдог болох нь хэдийнээ нууц биш болсныг тэмдэглэжээ. Мөн ийм үйлдэл нь "Афганистаны эрх баригчид болон талибуудын хооронд энхийн хэлэлцээг эхлүүлэхэд ОХУ, АНУ-ын дипломат ажилтнууд хамтарч оролцож байгаад АНУ-ын тагнуулын алба дургүй байгаатай холбоотой" байж магадгүй гэж үзэж байна.


Холбоотой мэдээ