Ард түмэн эрх баригчдад бодлогоо үргэлжлүүлэх боломж олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-26 09:21:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэн, төрийн эрх барих дээд байгууллагаа энэ сарын 24-нд 8 дахь удаагаа сонгов. Сонгуулийн саналын дүнгээр МАН буюу өнөөгийн эрх баригчид бодлого шийдвэрээ үргэлжлүүлэх үүргийг ард түмнээс авлаа.


Тодруулбал, УИХ-ын 8 дахь сонгуулийн дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авлаа. Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Зөв хүн электорат эвсэл”-ээс Т.Доржханд, бие даан нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар сонгогдлоо.



УИХ-ын ээлжит сонгуулийг товлон зарласнаас хойш улс төрийн 15 нам, 4 эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн боловч хоёр нам оролцсонгүй. Ингээд 13 нам, 4 эвсэл нийт 485 нэр дэвшигч “сойсон” юм. (санал хураалтын дүнг энд дарж үзнэ үү)

Шинээр сонгогдсон гишүүдээс 44 нь УИХ-д 2 дахиа болон түүнээс олон сонгогдож байгаа бол 32 нь анх удаа сонгогдож байна. Мөн нийт гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй буюу парламентын 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.



СЕХ өчигдөр буюу энэ сарын 25-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн олонхын санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргажээ. Улмаар УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд гардуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүний дараа тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх аж.


МАН-ыг ялалтад хөтөлсөн мөрийн хөтөлбөр


УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо МАН “Хөгжлийн хөтөлбөр” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Намын мөрийн хөтөлбөрөөс онцолбол, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах заалт. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 20 гаруй жил нийслэлийнхэний өмнө тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Ирэх жилүүдэд уг түлшээр нийслэлийн бүх дүүргийг хангаж, агаарын бохирдлыг 70-80 бууруулна хэмээн тооцож байгаа. Мөн энэ туршлагыг аймгийн төвүүдэд ч нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа тус нам танилцуулсан юм. Улаар “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж нийгмийн даатгал  төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан  авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоо бий болгохоор тусгажээ. Анх улаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг жилийн 4-6 хувь болгон бууруулна. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрхийг орон сууцтай болоход дэмжих боломжтой хэмээн тооцжээ.


Мөн цалингийн үе шаттай нэмж, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн бага түрээс төлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, 150 мянган ажлын байр бий болгох, Уул уурхайгаас олох үр шимийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш, шударга хүртээх тогтолцоо бүрдүүлэхээр тусгажээ. Тус санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хөрөнгө хуримтлуулна хэмээн тооцсон байна. Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, өргөтгөлийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинээр коксын  зэс хайлах, төмөр, боловсруулах үйлдвэр байгуулна. “Монгол мал-2” хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. “Атар-4” аяныг зохион байгуулж, дотоодын  хэрэгцээг бүрэн хангана зэрэг зорилт ч мөрийн хөтөлбөрт туссан байна.


Авто замын сүлжээг өргөтгөн, шинээр 2300 км хатуу хучилттай зам барих, Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулах, Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах “Нэг цонх – нэгдмэл гадаад бодлого” хэрэгжүүлнэ. Түүнчлэн ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн бүхий л хүрээнд өргөжүүэхээс гадна “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлж, хариуцлагыг дээшлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү

121 бие даагчаас 1



УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт 208 хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байв. Улмаар баримт бичиг дутуу, АТГ-т ХОМ-ээ мэдүүлээгүй зэрэг УИХ-ын сонгуулийн хуулийн заалтаар хасагдсаар энэ сарын 2-нд СЕХ-ноос 121 бие даан нэр дэвшигч үнэмлэхээ гардсан. Үүнээс Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг Орхон аймгийн иргэдийн олонхын дэмжлэг авч, сонгогдлоо.


Өмнөх сонгуультай харьцуулахад 2016 онд УИХ-ын ээлжит сонгуульд 69 хүн бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад 2 дахин өслөө. Нэг зүйлийг онцлоход өнгөрсөн 7 сонгуулиар хамгийн ихдээ 3 бие даан нэр дэвшигч л сонгогдож байсан түүхтэй. Тодруулбал, 2012-2016 онд 3 бие даан нэр дэвшигч сонгогдож байсан. Бусад буюу 1992, 1996, 2000, 2008, 2016 оны сонгуулиар тус бүр нэг бие даагч сонгогдож байв. Харин 2004 онд бие даан нэр дэвшигч сонгогдоогүй аж.


Сонгогчдын ирц 73.65 хувь


Санал хураалт энэ сарын 24-ний 07.00 цагт эхлэхэд сонгогчийн нэрсийн жагсаалтад 2 сая 624 иргэн бүртгэлтэй байсан. Харин санал хураалтын явцад 3000 гаруй иргэн “түр хасав” бүртгэлээ сэргээснээр сонгогчийн нэрсийн жагсаалтад 2 сая 3 мянга 969 иргэн бүртгэгдэж, 1 сая 475 мянга 895 нь саналаа өгчээ. Ингэснээр сонгогчийн ирц 73.65 хувьтай байлаа.


Ташрамд дурдахад, 1992 оны УИХ-ын сонгуулийн томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч нийт 293 хүн нэр дэвшин өрсөлдөж байв.


Тухайн үед Монгол Улсын хүн ам 2 сая 158 мянга 362 байсан. Тухайн үед сонгуульд 1 сая 85 мянга 129 иргэн буюу сонгогчдын 95.6 хувь саналаа өгч байсан нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр ирц байв. Харин 1969 онд 92.1 хувь,  2000 онд 82.4 хувь, 2004 онд 82.2 хувь, 2008 онд 76.5 хувь, 2012 онд 67.3 хувь, 2016 онд 73.58 хувийн ирцтэй байсан юм.



Сонгууль ба “COVID-19”


Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээр 965 сая хүн халдварлаж, 484 мянган хүн нас бараад байна. Хэдийгээр Монгол Улс дотооддоо коронавирус тархахаас сэргийлж байгаа ч гадаадаас ирсэн 215 иргэнээс вирус илэрч, 168 нь эдгэрээд байгаа юм. Тиймээс УОК-оос энэ оны хоёрдугаар сарын 12-нд зарласан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 30-нийг дуустал сунгасан. Энэ үед сонгууль зохион байгуулах нь эрсдэлийг улам бүр нэмнэ хэмээн олон хүн үзэж байсан ч халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ээлжит сонгуулиа зохион байгууллаа.


УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад анх 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс 2 тэрбум 461 сая 641 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.

Улмаар COVID-19-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган нэг удаагийн бээлий олгосон юм. Саналын хуудас бөглөх ширээ, ажиглагч нарын суудал болон хэсгийн хорооны ажилтнуудын хоорондын зайг 1.5 метр байхаар зохицуулснаас гадна санал өгөх байранд хүүхэд дагуулж ирэхийг хориглов.


Өнгөрсөн 7 сонгуулийн дүнг сануулахад


Өмнөх УИХ-ын 7 сонгуулиар МАН, АН хоёр ээлжлэн олонхын санал авч ирсэн. Сонгууль бүрийн дүнг товчоор хэлбэл, 1992-1996 онд МАХН (өнөөгийн МАН) 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал авч байсан.


Харин 1996-2000 онд МҮАН, МСДН, МШАН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1, 2000-2004 онд МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал авсан. 2004-2008 онд МАХН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал, 2008-2012 онд МАХН-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас 1, бие даан нэр дэвшигч 1, 2012-2016 онд Ардчилсан намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн сонгогдож байв.


Харин 2016-2020 оны парламентад МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даагч 1 гишүүн сонгогдсон юм. Эдгээр сонгуульд хамгийн ихдээ 12 нам, 3 эвсэл оролцож байв.

Холбоотой мэдээ