Эрх баригч Монгол ардын нам илт давуу ялалт байгууллаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-25 11:32:03

УЛААНБААТАР. /Reuters/. Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгуульд эрх баригч Монгол ардын нам 76 суудлын 62-ыг авч, төрийн эрхийг үргэлжлүүлэн барихаар боллоо.


Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрыг тэргүүлнэ. Тэрбээр Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал гарч, коммунист үзэл суртлыг дуусгавар болгосноос хойших 17 дахь Ерөнхий сайд юм.


Сөрөг хүчин болох Ардчилсан нам 11 суудал авсан нь 2016 онд есөн суудал авсантай харьцуулахад багахан ахиц гарсан байна. Хүчтэй аадар борооны улмаас зарим санал авах байрны үйл ажиллагаа доголдсон хэдий ч сонгогчдын ирц 73 хувьд хүрчээ.


Монгол Улс нь парламентын ардчилсан засаглалтай орон бөгөөд хамгийн олон суудал авсан нам Засгийн газрыг эмхлэн байгуулж, Ерөнхий сайдаа сонгодог. Гэсэн хэдий ч Засгийн газрын хууль тогтоомжид хориг тавих эрхтэй Ерөнхийлөгчийг мөн сонгодог юм.


Монгол ардын нам нь 1921-1990 онд коммунист үзэл суртлыг баримталж байх үед төрийн эрхийг барьж байсан Монгол ардын хувьсгалт нам юм. 


“Сант Марал” сангаас өнгөрсөн тавдугаар сард нийтэлсэн судалгаанд дурдсанаар, сонгууль болох гэж буй үед ажилгүйдэл, орлогын ялгаатай байдал зэрэг асуудалд олон нийтийн санаа ихэд зовниж байжээ.


Гэвч иргэд Засгийн газар коронавирусний халдвартай тэмцэх чиглэлд сайн ажиллаж байгаа хэмээн үзэж буйг мөн уг судалгаа харуулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 49 хувь нь үүнийг томоохон амжилт гэж үзсэн байна.


Монгол Улс хилүүдээ эрт хааж, сургууль, их сургуулийн сургалтыг зогсоож, нийслэл Улаанбаатар хотоос бусад аймаг руу зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Тус улсад өнөөдрийн байдлаар халдварын 215 тохиолдол илэрсэн бөгөөд халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


“Зориг” сангийн улс төр судлаач С.Болдсайханы мэдээлснээр, Монгол ардын нам “COVID-19”-ийн халдварын эсрэг арга хэмжээнүүдийг сайтар авч хэрэгжүүлж, хүчтэй удирдлагатай байсны үр дүнд ялалт байгуулжээ. Мөн хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялах сонгуулийн тогтолцоо ч мөн нөлөөлсөн гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ