Улсын хэмжээнд зөөврийн хайрцгаар 19 956 сонгогч саналаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-24 22:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль өнөөдөр улс орон даяар явагдаж, хуулийн хугацаандаа өндөрлөлөө. 

2020 оны УИХ-ын сонгуульд 2.000.624 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын 52 хувь нь саналаа өгсөн талаар СЕХ-ноос 18.40 цагт мэдээлсэн. 17.00 цагийн мэдээгээр Сүхбаатар аймгийн 12 дугаар тойргийн сонгогчдын 65 хувь нь саналаа өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин нийслэлээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн сонгогчдын ирц хамгийн бага буюу 39 хувьтай байв. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд зөөврийн хайрцгаар улсын хэмжээнд 19.956 сонгогч саналаа өгчээ. Нийслэлд 4109 хүн, аймгуудаас хамгийн их буюу Орхонд 2095 хүн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөв. 

Өнөөдөр 18 нас хүрсэн 130 сонгогч анх удаа сонгуульд оролцож саналаа өгснөөс 71 нь эрэгтэй, 59 нь эмэгтэй сонгогч байв. 


Холбоотой мэдээ