Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-24 13:32:29
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум өчигдөр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г батлах тухай холбооны хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.


Хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Төрийн Думын Олон улсын хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Л.Э.Слуцкий нар танилцуулж, 351 гишүүний 100 хувийн саналаар баталсан байна.


Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргаад байсан юм.


Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.


Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ бөгөөд талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм.

Холбоотой мэдээ