Дуутын хадны бичээс рүү цацсан тосны бохирдлыг арилгаж цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-23 14:44:34

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн тухай урьд нь бид мэдээлсэн. Ийнхүү Дуутын хадны бичээс рүү цацсан тосыг цэвэрлэж хуучин хэвэнд нь оруулсан тухай  Дэлгэрхаан сумын Соёлын төвийн эрхлэгч Н.Отгон-Эрдэнээс энэ талаар тодрууллаа. 



- Иргэд сүсэг бишрэлээрээ Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацсан нь бичээст нөлөөлсөн үү?

- Уг дурсгалт газрын бичээс рүү сүү, тос цацсан нь бичээст нөлөөлөхүйц байгаагүй ч эх төрхийг нь алдагдуулж болзошгүй алхам. Ер нь бол “Уул овоо тахих монгол зан үйл" 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Монголчуудын "Уул овоо тахих зан үйл" нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, уламжлалтай уламжлалт мэдлэг, дадал юм. Тиймээс Соёлын өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байж,  соёлын өвөө хайрлан хамгаалцгаая гэж уриалмаар байна. 

- Цогт хунтайжийн дуутын хадны бичээсийг хэрхэн сэргээн засварласан бэ?

Төв аймгийн Музейн захирлын 6 дугаар сарын 09-ний өдрийн №41 албан тоот бичгээр Соёлын өвийн үндэсний төвд “Сэргээн засварлуулах хүсэлт”, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Жаргалмаад Музейн захирлын 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хуулийн хэрэгжилт хангаж ажиллах тухай” №43 албан тоотыг тус тус хүргүүлэн ажилласнаар 6 дугаар сарын 21-22-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын А.Мөнгөнцоож ахлагчтай судалгааны баг лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэсэн. Мөн уг дурсгалыг цэвэрлэж хуучин хэвэнд оруулахад тодорхой хэмжээний багаж, бодис шаардсан учир холбогдох зардлыг Дэлгэрхаан сумын ЗДТГ-аас гаргаж ажилласан байгаа.

 

-Энэ дурсгалыг ямар байгууллага хариуцаж, хамгаалдаг вэ?

-Цогт хунтайжийн дуутын хадны дурсгал улсын хамгаалалтад байдаг. Тиймээс мэргэжлийн болон судалгааны байгууллага, яам бүгд хуулиараа үүрэг хүлээж байгаа. Манай улсын хувьд, Түүх соёлын үл хөдлөх дурсгал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтын хүрээнд хадгалж хамгаалах ажлыг явуулдаг. Тус хуулийн хүрээнд, нэгдүгээрт тухайн дурсгал оршиж байгаа газрыг харьяалсан засаг захиргааны нэгж аймаг, сумын Засаг дарга нар хуулиар үүрэг хүлээнэ.

-Тусгай харуул хамгаалалт байдаг уу?

-2011 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Цогтын хадны бичиг” дурсгалд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр"-т тусгагдсанаар Соёлын өвийн төвөөс боржин чулуун дээр англи, монгол тайлбар, байршлын зураг бүхий танилцуулгыг байрлуулсан. Уг дурсгалыг Дэлгэрхаан сумын иргэн Л.Энэбиш гэрээгээр хамгаалдаг байсан. Энэ жилийн хувьд отроор явсан байх үед нь ийм зүйл тохиолдсон. Мөн соёлын дурсгалт газруудыг сумдын багийн дарга нарт 4 жилийн гэрээгээр эзэмшүүлдэг.

-Дэлгэрхаан сумын нутагт орших дурсгалт газруудыг талаар дурьдвал?

-Төв аймгийн нутаг дэвсгэрт Улсын хамгаалалтад бүртгэгдсэн 15 түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Үүнээс манай суманд томоохон дурсгалууд бол Цогтын хадны бичиг дурсгал, Их хөшөөт буюу Кулчурын гэрэлт хөшөө, цогцолбор дурсгал байгаа. Харин аймгийн хамгаалалтад Норовчоймбилин хийд 1993 онд ашиглалтад орсон ба 2011 онд сэргээн засвар хийж байсан.

-Цогт хунтайжийн дуутын хадны дурсгалыг сэргээн засварласны дараа ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Цогт хунтайжийн дуутын хадны дэргэд танилцуулга самбар бол байдаг харин санамж хаягийн самбар байдаггүй. Тиймээс  манай сумын соёлын төв, ЗДТГ-аас нэн тэргүүнд санамж бичиг бүхий хаяг хийхээр төлөвлөж байна.

 -Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ