БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-23 10:55:58

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол буюу 183 мянга орчим тохиолдол бүртгэгдсэнээс 50 мянга гаруй нь Бразилд бүртгэгджээ. Үүнээс гадна БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид мэдэгдэж, Новак Жоковичийн зохион байгуулсан теннисийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагчид коронавирусээр халдварласан байна.


Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, “Covid-19”-өөр халдварласан хүний тоо дэлхий дахинд 9 сая давж, 474 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан нийт 4.9 сая орчим хүн өвчнөө даван гарч, эмнэлгээс гарчээ.


Латин Америк халдварын голомт болоод байгаагаас гадна Энэтхэг, Пакистанд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байна.


Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна

Бразилд “Covid-19”-н улмаас 50 мянга гаруй нас барсан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Бразилд хэдхэн долоо хоногийн дараа цар тахал оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрх баригчид гадны иргэдийн улс оронд нэвтрэх эрхэд тавьсан хоригоо дахин 15 хоногоор сунгажээ.


Улс орны эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь өөрийгөө тусгаарлах хатуу арга хэмжээ авахаас илүү чухал болоод байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өмнө нь мэдэгджээ. Ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын шинжээчид төдийгүй Бразилын оршин суугчид нэг бус удаа шүүмжилжээ.


Цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн сайд нь хоёр ч удаа солигджээ. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна. 


Хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа хэдий ч Бразилд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Болсонаруг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид оролцсон хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил АНУ-ын ард бичигдэж байгаа юм.


Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт нэг өдрийн дотор халдварын 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 410 мянга давжээ. Халдварын улмаас тус улсад 14 мянган хүн нас баржээ. Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт буюу АНУ, Бразил, ОХУ-ын ард жагсаж байна.


Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулахад халдвар авсан хүний тоо хурдацтай өсөж эхэлжээ. Тус улсад 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.


Бусад орны хувьд коронавирусний халдвар эрэгтэйчүүдэд илүү хүнд хэлбэрээр илэрч, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байхад Энэтхэгт энэ өвчний улмаас эмэгтэйчүүд илүү хохирч байгааг статистик мэдээлэл харуулжээ.


БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгджээ

Сөүл орчимд коронавирусний халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давалгаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. 


Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна. 


Түүнчлэн “Шинчожи” Христийн шашны бүлгийн 22 сүмийг хаажээ. Хоёрдугаар сард “Шинчожи” сүм халдварын голомт болсон билээ.


Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ. Ням гарагт БНСУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. БНСУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.


Жоковичийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин халдвар авчээ

Сербийн теннисчин Новак Жоковичийн зохион байгуулсан “Adria Tour” үзүүлэн тоглолтод оролцсон хэд хэдэн хүнээс “Covid-19” илэрчээ.


Тухайлбал, Хорватын тамирчин Борна Чоричийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өвчин шинж тэмдэггүй илэрсэн тухай тэрбээр мэдэгджээ. Өмнө нь Болгарын тамирчин Григор Димитров болон Димитров, Жокович нарын фитнес дасгалжуулагчид “Covid-19”-өөр халдварлажээ. Цуврал үзүүлэн тоглолтууд Сербийн нийслэл Белград хотод болон Хорватын Задар хотод болжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр, Жокович болон тоглолтод уригдсан тамирчид Задар хотод болсон тоглолтын үеэр зай барих журмыг дагаж мөрдөөгүй байна. Тэд мөн сагсан бөмбөг тоглож, дунд сургуулиудаар явж, хотын зоогийн газруудаар үйлчлүүлжээ.


Тэмцээнд оролцоогүй тамирчид энэ үйлдлийг эрс шүүмжилжээ. Чорич халдвар авсан талаарх мэдээлэлд Австралийн теннисчин Ник Кирьос тайлбар өгөхдөө, “Үзүүлэн тоглолт хийх нь маш бодлогогүй шийдвэр байсан юм. Та бүхнийг хурдан тэнхрээсэй гэж хүсэж байна. Заавар зөвлөмжийг үл тоомсорловол ийм зүйл болох нь тодорхой. Энэ бол тоглоом биш” гэжээ. 


Хорватын тамирчин Борна Чорич 


 

Баячууд улам баяжиж, ядуус улам ядуурчээ

Их Британийн “Resolution Foundation” сангаас гаргасан судалгаагаар, тусгаарлалтын үеэр бага орлоготой гэр бүлүүдийн өр зээлийн хэмжээ нь нэмэгдэж байхад чинээлэг гэр бүлүүд хэмнэлт хийж, хөрөнгөө нэмэгдүүлж чаджээ.


Тусгаарлалтын үеэр бага орлоготой гэр бүлүүд хуримтлалаа үрж, шинээр өр тавьжээ. Харин баян чинээлэг гэр бүлүүд аялал, зугаа цэнгэлээс татгалзахаас өөр аргагүйд хүрснээр дунджаар 1.9 мянга орчим фунт стерлингийг хэмнэж чадсан байна. Түүнчлэн заавал ажлын байрандаа ирж ажиллах шаардлагагүй хүмүүс 4.7 мянга орчим фунт стерлингийг хэмнэж чаджээ.


Үүний зэрэгцээ тусгаарлалтын арга хэмжээ олон оршин суугчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг Их Британийн улсын статистикийн товчооноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.  


Санал асуулгад оролцогчдын 40 хувь нь эпидемиологийн нөхцөл байдлын улмаас амьдралд нь ихээхэн өөрчлөлт орж, сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрчээ. Сэтгэл зүйд нь таагүй нөлөө үзүүлж байна гэж үзсэн хүмүүсийн 42 хувь нь 16-29 насны хүмүүс байсан бол 25 хувь нь 30-59 насны, 15 хувь нь 60 болон түүнээс дээш насны хүмүүс байжээ. 


Лиссабонд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин авчээ

Коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Лиссабонд хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээг дахин нэвтрүүлжээ.


Энэхүү хязгаарлалтын хүрээнд арваас илүү хүн нэг дор цугларч, олон нийтийн газар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн халдварт илүү өртсөн бүсүүдэд дэлгүүрүүдийн ажлын цагийг богиносгох аж. 


Португал хязгаарлалтын арга хэмжээнүүдийг харьцангуй эрт авчээ. Цар тахлын үеэр тус улсад 40 мянга орчим хүн коронавирусээр халдварлаж, нас баралтын 1500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.  


Их Британид шөнийн цэнгээний газрууд нээгдэх үү?

Их Британийн эрх баригчид зарим хязгаарлалтаа сулруулах боломжийн талаар мэдэгдэж магадгүй байна.

Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулвал, 7 дугаар сарын 4-нөөс зочид буудал, зоогийн газар, шөнийн цэнгээний газрууд нээгдэж магадгүй байна. Хорио цээрийн дэглэмийг сулруулахын тулд шаардлагатай бүх нөхцөлийг бий болгосон хэмээн өмнө нь Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ. Үүний зэрэгцээ нөхцөл байдал дордвол хязгаарлалтыг буцааж чангатгана гэдгээ эрх баригчид анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ