Бангладешийн лалын шашинтнуудын намын удирдагчийг цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-11 09:35:58

ДАКА. /BBC/. Пакистанаас тусгаарлахын төлөөх 1971 оны дайны үеэр үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Бангладешийн лалын шашинтнуудын намын удирдагчийг дүүжлэн цаазалжээ. 

Өдгөө 73 настай Мотиур Рахман Низами-г лхагва гарагт дүүжлэн цаазалсан гэж Бангладешийн Хууль зүйн сайд Анисул Хак мэдэгдэв.

Тэрбээр хоморголон устгах, бусдыг хүчирхийлж, эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цаазын ялаар шийтгүүлсэн байна.

Бангладешийн лалын шашинтнуудын хамгийн том нам болох “Жамаат-э-Ислами” намыг тэргүүлдэг байсан түүнийг дүүжлэн цаазлах үеэр Дака хот дахь шоронгийн ойролцоо олон зуун хүн цуглаж, шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр дайны үед гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 2013 оны 12 дугаар сараас хойш цаазлуулсан тав дахь хүн, сөрөг хүчний хамгийн том удирдагч болж байна.

Түүнийг цаазаар авсан нь дайнаас үүдэлтэй шархыг эдгээж байгаа хэрэг юм гэж Бангладеш ийн эрх баригчид мэдэгдсэн боловч "цаазын ялыг олон улсын хяналтаас гадуур гүйцэтгэсэн" гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд, мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ