Барак Обама Хирошима хотод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-11 09:20:32

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 26-нд болох 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Хирошима хотод айлчилна гэж Японы Засгийн газар болон Цагаан ордон мэдэгдэв.

Ингэснээр Барак Обама 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэн Хирошима хотод Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох юм.

Ерөнхийлөгч Обамагийн Хирошимад хийх айлчлал нь дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгож, аюулгүй, энх тайван байдал тогтооно гэсэн амлалтыг нь илтгэн харуулна гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Харин Японы Засгийн газар "Ерөнхий сайд Шинзо Абэ Обамагийн хамт Хирошимад очно" гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер албан тушаалаасаа буусныхаа дараа Хирошимад очиж байжээ. Мөн өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 7-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хирошимад айлчилж байв.

Ерөнхийлөгч Обама бүрэн эрхийн хугацаандаа багтан Хирошимад айлчлах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ. Мөн тэрбээр "дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгох нь Ерөнхийлөгч байх хугацаандаа миний хэрэгжүүлэх зорилтуудын нэг" хэмээн мэдэгдэж байсан юм.

Обамагийн Хирошимад хийх айлчлалын зорилго нь дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, цөмийн зэвсгийг хязгаарлах боломжуудыг нэмэгдүүлэх  явдал юм гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ