Байгалийн гамшигт үзэгдлээс үүссэн хохиролд сэргээн босголтын ажлууд хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 21-нд орсон хүчтэй аадар борооны
улмаас үер буусан тул гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин
ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж байгалийн гамшигт
үзэгдлээс үүссэн хохиролд сэргээн босголтын ажлууд хийхийг үүрэг болголоо.
Тус комиссын хурлын үеэр цаашид ихэнх нутгаар аадар бороо орох тул ард иргэд сонор сэрэмжтэй байж үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, замын гэмтэл, хөвөө, даланг засварлах, шороогоор дүүрсэн далан хоолойн шороог гаргаж яаралтай засварлаж зорчих хэсгийг аюулгүй болгох, үерт автсан айл өрхүүдийн усыг зайлуулах, ус зайлуулах шуудуу татах, цахилгаан эрчим хүч тасарсан айл өрхүүдийг яаралтай эрчим хүчээр хангах, усаар дүүрсэн гараашийн усыг шавхах, малын сэг зэмийг яаралтай цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, цэвэр ус, цахилгаан хангамж, бохирын хоолойд гарсан гэмтлийг нэн түрүүнд яаралтай засварлах асуудлыг онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүнд аймгийн удирдлагаас үүрэг болголоо гэж аймгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.