Жаргалант суманд “Тахилт таун” хороолол барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-20 19:24:40

Ховд /МОНЦАМЭ/. “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд “Тахилт таун” хороолол барьж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын бүс болох Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн нутаг дэвсгэрт 26 км инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс одоогоор 14.7 км цэвэр, бохир усны шугам тавьжээ.

Үүнтэй холбогдуулан “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд Жаргалант сумын Тахилт багийн 9 дүгээр гудамжинд “Тахилт таун” хороолол бүтээн босгох ажил эхлүүлжээ. Тус хорооллын барилгын ажлыг “Алтан орд констракшн” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байна.

Ингэхдээ Тахилт багийн 9 дүгээр гудамжны хоёр айлын 2700 мкв орчим газарт нэгдүгээр ээлжийн 12 айлын таун хаус барьж буй. Энэ нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох, бие даасан халаалтын эх үүсвэртэй барилгын төсөл гэдгээрээ онцлогтой.

Мөн “Тахилт таун” хороолол нь  6 айлын  хоёр блок барилгаас бүрдэнэ. Айл бүр  65 мкв талбайтай бөгөөд хоёр давхар сууц аж.

Улмаар айл бүр 60-100 мкв талбай бүхий арын хашаатай, үүдний хэсгийг ашиглан хийсэн тагттай, дулаан алдагдалгүй байхаар төлөвлөгджээ.

Түүнчлэн тусгайлсан хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх, гадна тохижилт, авто зам, зогсоол зэргийг бүрэн шийдсэн цогц  хороолол болгохыг зорьж ажиллаж байна гэж эх сурвалж мэдээллээ.   

Холбоотой мэдээ