Таван удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-20 19:04:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид таван удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн “Б”-ийн гэрт энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчимд хулгай оржээ. Улмаар 8 ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлийг иргэн “Т” хулгайлж байхад нь гэрийн эзэн ирсэн байна.

Гэмт этгээд хэргийн газраас зугатахдаа хохирогчийн цээжин тус газарт 6 удаа хутгалж оргон зайлжээ.

Уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт тус өдрийн 23:30 цагт ирсний дагуу бие бүрэлдэхүүнийг хэсэгчилсэн байдлаар түргэн цугларалтаар дуудаж, шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ.

Шуурхай ажиллагааны үр дүнд дээрх хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын харъяат, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй иргэн “Т” үйлдсэн болохыг тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Ховд аймагт энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн. Гурав хоногийн хугацаанд Жаргалант сумын гэр хороололд оршин суух иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайн 5 удаагийн гэмт хэрэг үйлдсэнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд илрүүлэн шалгаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Иргэд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж,  гэр орон сууцаа удаан хугацаанд эзэнгүй орхихгүй, мөнгө, үнэт зүйлсээ нэг газар төвлөрүүлж хадгалахгүй байх, хөршийн хяналтаа сайжруулах, ил задгай цоожноос татгалзах, далд найдвартай цоожоор хаалга үүдээ цоожлохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ