Гэр хороололд 14.7 км цэвэр, бохир усны шугам тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-19 16:04:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 8500 гаруй өрхийн 5200 орчим нь гэр хорооллын бүсэд оршин суудаг гэх судалгаа бий.

Үүнээс Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Тахилт багт нийт өрхийн 40 гаруй хувь нь амьдарч байна.  

Гэр хорооллын бүсэд дэд бүтэц хангалтгүй учраас агаар, хөрсний бохирдол үүсдэг. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, цэвэр, тохилог орчин бүрдүүлэх зорилгоор "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн нутаг дэвсгэрт 26 км инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар 14.7 км цэвэр, бохир усны шугам тавигдаж, эхний 40 айл холбогдсон байна. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд орон сууцанд амьдарч буй мэт тохилог орчин бүрдүүлэх боломжтой болжээ. 

Ийнхүү төслийн үр шимийг бодитоор хүртэж цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон зарим айл өрхийн гишүүдтэй уулзлаа. Тэдний нэг бол Баатархайрхан багийн иргэн А.Гончигийнх юм.


А.Гончиг: Жил бүр хашаагаа тохижуулна 


Эднийх 1500 гаруй мкв талбай бүхий хашаа худалдан авч, 63 мкв байшин барьж, өнгөрсөн намар хуримаа хийжээ. Баатархайрхан багийн иргэн А.Гончиг хэлэхдээ: Гэр хорооллын бүсэд цэвэр, бохир усны шугам тавина гэж бодоогүй. Хэрвээ мэдсэн бол одоо байгаа угаалгын өрөөг илүү том хийх байсан гэж бодож байлаа. Одоо хашаандаа байгаа хуучин амбаарыг эхнээс нь буулгаж, газраа чөлөөлж байна. Цаашид хүүхдийн тоглоомын талбай, саравч хийж, ногоо тарихаар төлөвлөж байгаа. Нэг дор бүгдийг нь шийдвэрлэж чадахгүй ч жил бүр хашаагаа тохижуулах, байшиндаа цахилгаан халаалттай болохыг зорьж байна гэв.


П.Ичинхорлоо: Олон жил банкны зээл төлж орон сууцанд амьдарч байснаас хашаагаа тохижуулаад сайхан амьдаръя гэж шийдсэн


Баатархайрхан багийн иргэн П.Ичинхорлоо хэлэхдээ: Өнгөрсөн жил шинэ байшин барьж, бага хүүгээ тусад нь гаргасан. Олон жил банкны зээл төлж орон сууцанд амьдарч байснаас хашаагаа тохижуулаад сайхан амьдаръя гэж шийдсэн.

Би өөрөө цэцэг, ногоо тарих дуртай. Хүүгийнхээ байшинтай залгаад дахин байшин барьж байна. Гэр байгаа хэсэг газрыг чөлөөлж  ногоо тарина. Хамгийн гол нь энэ төслийг  ажил хэрэг болгосон хүмүүст маш их баярлаж байна. Олон айл өрхийг энэхүү төсөлд хамруулаарай гэж хэлмээр байна гэлээ. 

Холбоотой мэдээ