Бүс нутгийн цахим хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-18 17:26:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоог идэвхжүүлэх нь” сэдэвт бүс нутгийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ хэлэлцүүлэгт Булган, Архангай, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөл оролцов. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Либериал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Булган аймаг дахь зөвлөлийн тэргүүн Д.Чимгээ

- Бүс нутгийн хэлэлцүүлэгт цаашид сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ялангуяа орон нутагт бодлогын хувьд анхаарах асуудал их гарлаа. Тухайлбал аймагт тодорхой хэмжээнд залуучуудын тухай хууль, жендерийн тухай хуулийн хүрээнд орон нутагтаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх механизм үгүйлэгдэж байна. Залуучууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд эрх зүйн зохицуулалт дутагдаж байна. Сонгуульд нэр дэвших эрх иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон. Гэхдээ нэр дэвшигчийг нам тодруулдаг зарчим үйлчилж байгаа учраас залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг тэр бүр харгалздаггүй. Ялангуяа орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан идэвхтэй иргэд юм уу, иргэний нийгмийн байгууллага нэр дэвшүүлэх боломжтой байлгах гэсэн санал хэлэлцүүлэгт оролцогчид гаргаж байлаа.

Хөвсгөл, Архангай аймгийн оролцогчдоос залуучууд улс төр, улс орноо хөгжүүлэхэд чухал үүрэг, оролцоотой байх  ёстой гэсэн санал хэлсэн. Үүнийг хөхүүлэн дэмжиж, төрийн байгууллага хамтран ажиллавал үр дүн гарах байх гэж ярилаа.

Холбоотой мэдээ