Нэмэлт дархлаажуулалтад 624 мянга орчим залуус хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-05-10 17:26:07

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-нд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна.

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд  Засгийн газраас 943.5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624 мянга орчим залуусыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд, их дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-д суралцагсад, цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд, АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй иргэдийг хамруулах юм.

Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион  байгуулах 1600-аад эмч эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлжээ.  Хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтад байлгах юм.

Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны  охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас  хойших  нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулах аж.

Түүнчлэн энэ  насны залуучууд, иргэдийг хувийн болон ажил төрлийн, эрүүл мэндийн холбогдолтой асуудлаа энэхүү нэмэлт дархлаажуулалтын 14 хоногийн хугацаанд ухаалгаар зохицуулан санаачилгатай идэвхтэй хандаж, хамгийн ойр байгаа өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө очиж, улаанбурхан улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад бүрэн хамрахыг уриалж байна.

Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтод дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах юм.

БСШУЯ, ХЯ, ХЗЯ, ГХЯ болон орон нутгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, Их дээд сургууль, коллеж, албан байгууллага өөр өөрсдийн чиглэлээр зорилтот бүлгийн хүмүүсийн хурууны тэмдэглэгээг шалган, тэмдэглээгүй иргэдийг дархлаажуулалтад хамруулна.

ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран дархлаажуулалтын явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулахаар болжээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээ