Коронавирусний халдвар илэрсэн Беларусь жолооч нарыг ХӨСҮТ-д тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-18 11:52:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөөс нь коронавирус илэрчээ.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэхдээ, "Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд  33-59 настай Беларусь улсын иргэд юм. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлах ажил эхлээд байна" гэв.


Харин  "COVID-19” халдвартай 16 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс нь 19-35 настай, 2 эрэгтэй, 14 эмэгтэй оюутнууд аж. Тэд 18-65 хоног эмчлүүлжээ.


Ингэснээр манай улсад  “COVID-19”-ийн нийт 201 тохиолдол бүртгэгдсэнээс 127 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 74 хүний  69 нь  хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.


ХӨСҮТ-д нийт 124 хүн тандалт хяналт, эмчилгээнд байгаа бөгөөд дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж буй юм.


Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор энэ сарын 17-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ болон найман хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарчээ. Мөн тусгай онгоцоор өчигдөр ирж ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний сорьцод коронавирус илрээгүй байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 70 сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ сөрөг гарчээ.

 

 

 

Холбоотой мэдээ