Коронавирусээр халдварласан 111 хүн эдгэрлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-17 11:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19” халдвартай хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Эдгэрсэн хоёр иргэний нэг нь ОХУ-д Батлан хамгаалахын чиглэлээр суралцагч бөгөөд 33 хоног эмчлүүлжээ. Нөгөө нь ЕБС-ийн 15 настай сурагч бөгөөд 31 хоног эмчлүүлсэн байна.



Ингэснээр манай улсад  “COVID-19”-ийн нийт 197 тохиолдол бүртгэгдсэнээс 111 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 86 хүний 78 нь хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна.


ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, ажиглах байранд тусгаарлагдсан 267, тандалт судалгааны зорилгоор Дундговь аймаг болон Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 23 сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолооч халдваргүй гарчээ. 


ХӨСҮТ-ээс дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаа аж.

Холбоотой мэдээ