15 алба хаагч цагдаагийн тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-17 09:50:20

Ховд /МОНЦАМЭ/. Цагдаагийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болон Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалын дагуу цагдаагийн албанд анх томилогдсон алба хаагчид тангараг өргөлөө.  

Тодруулбал, цагдаагийн албанд шинээр томилогдсон 4 офицер, 11 ахлагч гээд нийт 15 алба хаагч тангараг өргөж, хариуцлагатай бөгөөд нэр төртэй ажиллаж, иргэдийн амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ илэрхийлсэн аж.

Энэ үеэр алба хаагч Х.Дүгэржавыг Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагчаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосныг албаныхан гардуулан өгсөн юм.

Мөн цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж байгууллагын багц бэлгийг гардуулжээ. Энэ үеэр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн алба хаагчдын цаашдын ажил, амьдралд амжилт хүслээ.

Холбоотой мэдээ