“COVID-19”-өөр өвчилсөн хүнд хумхаагийн эм хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-16 13:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас хумхаа өвчний эмчилгээнд хэрэглэдэг Hydroxychloroquine, Chloroquine эмийг “COVID-19” халдварын үед яаралтай хэрэглүүлэхээр олгосон өмнөх зөвшөөрлөө цуцалжээ.


Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэхдээ, “ Дээрх эмүүдийг “COVID-19” халдвартай өвчтөнд хэрэглэхэд ямар ч үр дүнгүй байгаа талаар Их Британи улсын эрдэмтэд судалгааны дүнгээ танилцуулснаас хойш Их Британи, Франц зэрэг Европын томоохон улс эдгээр эмийн хэрэглээг зогсоож, эмнэл зүйн туршилтаас хассан” гэв.


Коронавируст халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 8 сая 102 мянган хүн өвчилж, 438 мянган хүн нас баржээ. Харин уг өвчнөөр өвчилсөн 4 сая 186 мянган хүн эдгэрчээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 118 мянган хүн шинээр өвчилж 3000 гаруй хүн нас барсан байна. БНХАУ-д даваа гарагт 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 27 нь нийслэл Бээжин хотод, хоёр нь Хөбэй болон Сичөн мужид бүртгэгджээ. Мөн гаднаас найман тохиолдол илэрсэн байна.           

                                                                                                                                С. Туул 

Холбоотой мэдээ