Дизель түлшний импортын онцгой албан татварыг зарим боомтод тэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-10 14:15:30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтоор импортлоход “О” байхаар тогтоолоо.

Сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан Нефть импортлогчийн оруулж ирсэн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан бүхий  аж ахуйн нэгж, иргэдэд олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой.

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190.0 орчим мянган төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үэзж байна.  

Монгол, Болгарын Засгийн газар хооронд БСШУ-ны салбарт хамтран ажиллах хөтөлбөр үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газрын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2020  онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Тус хөтөлбөрийн төсөлд хоёр улсын Засгийн газар бакалаврын нэг оюутан, нэг докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр харилцан хамруулах, их дээд сургуулийн багш нарыг солилцох, боловсролын салбарын бүтэц, сургалтын агуулгын талаарх мэдээллийг солилцох, хоёр орны хэл, утга зохиолыг заах, сурталчлахад дэмжлэг үзүүлж байхаар тусгажээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд талууд хоёр улсын соёлын болон биет, биет бус өвийг хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн харилцан зохион байгуулах, зохиолчдын бүтээлээс харилцан орчуулах, хэвлэх, номын сан, музей болон соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгджээ. 

Товч мэдээ

- Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Зөвлөлийн хооронд 2000 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулсан “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т оруулсан өөрчлөлтийг хэлэлцэн дэмжлээ.
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны 2016 оны дөрөвдүгээр сарын 18-22-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Бүгд Найрамдах Итали улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-23-нд Монгол Улсад хйисэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ