Ирэх сараас нийтийн тээвэрт 2 давхар автобус явж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээвэрт 2 давхар автобусыг туршиж эхэллээ. Уг автобусаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр ням гарагт зорчиж аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг ирэх сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгав.
Тэрээр, “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд олон ажил хийж байна” гэлээ.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон 2 давхар цахилгаан автобусыг удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явуулж эхэлнэ гээд, "Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ 2 өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн 4 улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Доороо 30, дээд давхартаа 40, нийт 70 хүний суудалтай”-г мэдээлэв.
Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны 6 жилийн хугацаат зээлээр авч байгаа юм. Эхний ээлжинд 2 давхар цахилгаан автобус 10, энгийн цахилгаан автобус 36, нийт 46 цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, эрчим хүчний 4 дэд станц худалдан авч, техникийн паркаа шинэчлэхээр бэлтгэл хангажээ. 2 давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянган ам.доллар аж.
Цахилгаан, давхар автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах зориулалтын шаттай, автобус дотор бүрэн камертай, гар утас цэнэглэгчтэй, дээвэртээ шилэн онгойлгогчтой, байгалийн бүрэн гэрэлтүүлэгтэй юм.