Элсний нүүлтийг тогтоон барих ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-15 10:42:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говийн нэн ховор ургамлын ургах нөхцөлийг бүрдүүлэн элсний нүүлтийг тогтоон барих ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.


Говийн элсний нүүлтийг багасгадаг, биологийн олон төрөл зүйлийн амьдрах орчин болдог хармаг жимсийг үрээр тарьж үрсэлгээ бэлтгэх туршилтын ажлыг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Ээж хайрхан” нөхөрлөлд энэ оны дөрөвдүгээр сараас хийж эхэлжээ. Тус нөхөрлөл 2015 онд анх хармагийг үрээр тариалах туршилтыг анх хийж, хармагны тодорхой хэмжээний үрийг өөрийн хариуцан хамгаалдаг хэсгээс түүж бэлтгэжээ. Төсөл “Ээж хайрхан” нөхөрлөлийн өмнө нь эхлүүлсэн энэ сайн туршлагад суурилан 3500-4000 ширхэг хармагийн үрсэлгээг бойжуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт суманд тариалахад бэлэн болоод байна. Нийт тарьсан үрийн 50 орчим хувь нь ургаж, туршилтын ажил амжилттай болж байгаа бөгөөд төсөл үрсэлгээ бэлтгэх бага оврын хүлэмж, үрсэлгээний бортого, усалгаа, арчилгааны багажаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Хармаг жимсийг тарималжуулснаар байгалийн сэргэн ургалтыг дэмжихийн зэрэгцээ говийн ховор ургамал болох улаан гоёоны ургах нөхцөлийг бүрдүүлэн цөлжилтийг сааруулахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх замаар нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтой юм. 


Холбоотой мэдээ