Токиогоос ирсэн 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-12 12:49:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатарын тусгай онгоцоор өчигдөр ирсэн 261 иргэнээс 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь ажиглах байранд тусгаарласан. Тэдний дунд 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

 

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад өнөөдрийн байдлаар нийт 1815 хүн байна. Өчигдөр 17 хүн шинээр тусгаарлалтад орсон бол 137 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.


ХӨСҮТ-д коронавируст халдвартай 102 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн гурав, элэгний хорт хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн байгаа аж.


Орон нутгийн 16 чиглэлд галт тэргээр зорчсон 5414 хүнд тандалт судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна. Түүнчлэн гадаадад байгаа манай иргэдээс 38 хүн “COVID-19”-өөр халдварласныг Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэлдээ дурдав.

Холбоотой мэдээ