Mөнгөний нийлүүлэлт 1.3 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-12 12:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос энэ оны эхний 5 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг нэгтгэн гаргасныг өнөөдөр тус хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд нар цахимаар хүргэллээ. 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 5 дугаар сарын эцэст 20.6 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 259.9 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Энд валютын хадгаламж 1046.8 (35.7 хувь) тэрбум төгрөгөөр, валютын харилцах 62.5 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 34.2 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.   


Mөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд валютын хадгаламж өссөн нь нөлөөлөв.


ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.6 (0.1 хувиар) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 795.6 (4.4 хувь) тэрбум төгрөгөөр буурав.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (51.2 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх байна.  

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 5 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 161.4 (12.3 хувиар) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өсжээ.  


Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж байна.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 5 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.9 (5.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.3 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өсжээ.




Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 2797.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан байна. Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 393.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларчээ. Рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 38.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар чангарч, өмнөх сараас 3.6 хувиар сулрав.


Холбоотой мэдээ