Эхний таван сард 11 төрийн алба хаагчийг албадан эрүүлжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-11 14:17:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар энэ оны эхний 5 сард архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон 460 хүнийг албадан эрүүлжүүлжээ.

Эдгээр хүмүүсийн 13 нь эмэгтэй бөгөөд эрүүлжүүлэх байранд эмэгтэйчүүд орсон тохиолдол өмнөх жилүүдээс хоёр дахин өсжээ. Харин насанд хүрээгүй хүүхэд эрүүлжүүлэгдсэн тохиолдол байхгүй. Гадаадын нэг иргэн бүртгэгдсэнийг холбогдох байгууллагуудтай хамтран бичиг баримтад нь хар тамга дарж, хилээр албадан гаргажээ.

"Эрүүлжүүлэх байранд орсон нийт 460 хүний 11 нь төрийн алба хаагч. Энэ бол анхаарах ёстой асуудлын нэг. Учир нь төрийн алба хаагчийн ёс зүй, эрхэмлэх зүйл, байгууллагын дотоод журам, хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа нь төрийн албаны сахилга хариуцлага бат бус байгааг харуулж байна" гэж албаны хүн хэллээ.     

Архи ууж эрүүлжүүлэх байранд орсон хүмүүсийн 419 нь ажилгүй иргэд. Ажилгүйдэл бол архидалтад нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг болж байгааг тэрээр онцоллоо. 

Холбоотой мэдээ