Хаитийн сайд коронавирусээр халдварласны улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-10 12:28:13

ХАВАНА. /TASS/. Хаити улсын нийгмийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Эммануэль Кантав коронавирусээр халдварласны улмаас нас барсан тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


“Бидний хамтран зүтгэгч, нийгмийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Эммануэль Кантав өнөө өглөө биднийг орхин явлаа. Талийгаач “COVID-19”-ийн халдвар авсан байсан” гэж Хаитийн харилцаа холбооны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Эдди Жексон Алексис “Twitter” хуудсандаа бичжээ. Тэрбээр талийгаачийг хүний ​​эрхийг тууштай хамгаалагч байсан хэмээн тодорхойлоод түүний гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлсэн байна.


Хаитид коронавирусний халдварын 3548 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авч, хүнд хэлбэрээр өвчилсний улмаас нас барсан хүний тоо 54-т хүрсэн байна.  Дэлхийн Баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу улс болох тус улсын эрх баригчид гуравдугаар сарын хоёрдугаар хагаст орон даяараа онц байдал зарлажээ.


Холбоотой мэдээ