Номын баяр 27 дахь удаагаа амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-07 13:42:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хавар зохион байгуулах байсан “Улаанбаатар номын баяр-2020” уламжлалт баяр коронавируст цар тахлын улмаас сар шахам хойшилсны эцэст "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай 27 дахь удаагаа Мишээл экспо төвд 3 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөв.


“Улаанбаатар номын баяр 2020”-ыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой. Энэ 3 өдөр нийслэлийнхэн “Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хувийн хямдралтай худалдан авсан бөгөөд хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж Монгол шуудангаар хүргүүлэн авсан юм.



Тодруулбал, иргэд гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авсан гэдгээрээ өмнөх номын баяруудаас ялгаатай байлаа.


Энэхүү номын баярын ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”, хамтран зохион байгуулагчаар “Mplus”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “МОНЦАМЭ агентлаг”, дэмжигч байгууллагаар “KEWIKO”, “JCI”, “HATUN MODEL TALENT MANAGEMANT” загварын агентлаг, “Монгол шуудан”, “MGL” media group, “Itools”, “Foley and recording studio” зэрэг байгууллага ажилласан юм.



Цар тахлын үеийн дэглэм сахиж буй энэ үед  эрүүл ахуйн шаардлага, зөвлөмжөө мөрдөн уламжлалт номын баяраа өндөр дэг журамтай ийнхүү тэмдэглэж чадлаа. Номд хайртай хүн бүхний итгэл, зүтгэлийн ачаар дэлхийн нийтийг хамарсан цар тахлын энэ цаг үед гэрэл гэгээ түгээсэн сайхан үйл явдал болсныг зохион байгуулагчид нь онцолж байна.



Иргэн бүр нийгмээ сайхнаар бүтээхэд өөрийн чадах зүйлээр оролцох үүрэгтэйг энэ баяр уриалсан төдийгүй зохион байгуулагчдын 14 жилийн хөдөлмөр шингэсэн үйлс байв. Хавар, намартаа цуглаж, шинэ ном шимтэн үзэхээр энэ баярт оролцдог ном бүтээгчид, зориод ирдэг уншигчдын хүрээ жилээс жилд тэлсээр байна.



Баярын хүндэт зочид болох хүүхэд багачуудад энэ удаа хаалттай болсон ч намрын сайхан налгар өдрүүд буюу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногт нийслэлийнхээ төв талбайд уулзах товтойгоор энэ удаагийн баяр өндөрлөлөө.





  


 

Холбоотой мэдээ