Хаврын тариалалтад хөнгөлөлттэй шатахууныг зээлээр олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн хаврын тариалалтад 5.8 мянган тонн шатахуун шаардлагатай гэж ХХААХҮЯ тооцжээ.
Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун хэрэгтэй байгаагаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад дээрх хэмжээний шатахуун шаардагдаж байна. Тариаланчдад санхүүгийн дарамт учруулахгүй, хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулан 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7.5 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, зээлээр олгохоор боллоо.
Тариалалтад бүх төрлийн трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллах техникийн парк ашиглалтыг 80-85 хувиар тооцоход хаврын тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломж бүрджээ.
Засгийн газрын 138-р тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн трактор, ХАА-н техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор ажиллаж байна.
Энэ 6 дугаар сарын 2-ний байдлаар ОБЕГ-ын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум дахь салбарт 21.0 тонн, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь салбарт 69.0 тонн, Увс аймгийн Баруунтуруун сум дахь дахь салбарт 10 тонн, нийтдээ 110.0 тонн улаанбуудайн үрийн үлдэгдэлтэй байна.