Сэлэнгэ аймагт зам тээврийн гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-04 23:03:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг 2019 онд 42.6 хувиар буурсан тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас өнгөрөгч 2019 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг маш сайн ханган ажилласан байна. Тухайлбал цагдаагийн алба хаагчид өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулжээ. Энэхүү ажлынхаа үр дүнд зам тээврийн гэмт хэргийг 42.6 хувиар бууруулж чадсан байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсан байна. Мөн зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг газруудад урьдчилан сэргийлэх нөлөөллийн самбаруудыг байршуулан ажилласан аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд таван цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлжээ. Үйлдэгдэн гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн хурд хэтрүүлэх, хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох. Шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгаанаас үүдэлтэй үйлдэгддэг болох нь тогтоогдсон байна.

Сэлэнгэ аймаг нь газар тариалангийн гол бүс нутгаас гадна аялал жуулчлалын онцгой бүсэд хамаардаг онцлогтой. Тус аймаг нь 100 гаруй мянган хүн амтай. Энэ ч утгаараа хүн ам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал ихтэй байдаг. Иймд мал, аж ахуй, газар тариалан эрхлэлт, цаашлаад хилийн бүс нутаг учраас бусад олон салбарын бизнес эрхлэгчид дамжин өнгөрдөг зэргээрээ бусад аймагтай харьцуулахад онцлогтой бүс юм. Түүнчлэн зуны улиралд Сэлэнгэ аймгийг зорин ирэх гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт ихсэх хандлага ажиллагддаг тухай Цагдаагийн газрын алба хаагчид хэлж байв.

Тэгвэл он гарсаар эхний 5 сарын байдлаар тус аймагт хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг найм бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15-аар буюу 65.2 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа ажээ. 


Холбоотой мэдээ