Далай Чойнхор вангийн дархны нарийн хийцийн домбо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-08 10:15:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн угсаатны зүйн музейд Далай Чойнхор вангийн Чавганц дархны маш нарийн ур хийцтэй хос домбо хадгалагдаж байна.

Энэ домбыг 1957 онд Гэндэнбалжираас анх музейн цуглуулгад тухайн үеийн музейн эрхлэгч Б.Очирхуяг авч байжээ. Уг домбыг зэсийг хэлбэж хөөж, бөөрөнхийлөн гагнаж хийсэн. Бүсийг нь луун хээг цувцаадах аргаар хөөж, цохиж, мөнгөөр өнгөлсөн байна. Лууны хэлбэрийг бүтнээр нь гаргаж, бариулыг мөнгөөр өнгөлсөн ба таван бүслүүртэй. Луун бариул, бүслүүр, харааны эмжээр дээр лууг товойлгон цохиж урлажээ.

XIX-XX зууны үед холбогдох энэхүү хос домбо нь 2035 граммын жинтэй.

Уг үзмэр нь угсаатны танхимын үзүүллэгт дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байгаа музейн үнэт үзмэр юм. 

Холбоотой мэдээ