Төв номын сан хөл хорионы үеэр 420 гаруй иргэнд цахим үйлчилгээг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-03 12:50:32

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв номын сан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр 420 гаруй иргэнд цахим үйлчилгээг үзүүлжээ.

Энэ үеэр тус номын сангаас танхимд олон хүн цуглуулахгүйгээр цахимаар болон утсаар номын бүртгэл, захиалга авч, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн сар бүрийг тодорхой сэдвийн хүрээнд ном сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд хичээллэхгүй байгаатай холбогдуулан оюутнууд болон хүүхдүүдэд англи хэл дээрх 120 гаруй номыг цахимаар олгожээ. Мөн номыг захиалж авсан хугацааг нь үйлчлүүлэгчтэй тохиролцож заавал ирүүлэхгүйгээр сунгах, олгох ажлыг хийж байгаа аж.

Тус номын сан зургаа, долоодугаар сарыг англи номын уншлагын сар болгодог уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд иргэд болон оюутан сурагчдад англи номыг хөнгөлөлттэй авч хэрэглэх үйлчилгээг үзүүлж байна. Энэ үеэрээ англи хэлээр чөлөөт цаг, танин мэдэхүйн, анхан, дунд, дээд шатны сургалтын ном, уран зохиол, багш нарын гарын авлага, сургалтын материалыг хүргэж өгдөг байна. Мөн СD хуурцаг, шинжлэх ухааны ном, төрөл бүрийн сонирхолтой хялбаршуулсан номуудыг танхимдаа нэг удаадаа таван үйлчлүүлэгч гадуур хүргэх замаар олгож байна.

Ташрамд хүүхэд багачуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой англи хэл дээрх номыг сурталчлах энэ ажлын хүрээнд англи хэлний ярианы клубүүд хичээллэж анхан болон ахисан шатны сургалтыг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар англи хэлний сургалтууд аймгийн хэмжээнд ганцаарчилсан байдлаар хичээллэж байна. Манай номын сангийн дэргэдэх англи номын уншлагын танхим нь хүүхэд багачуудын шашин шүтлэг, яс үндэс, газар зүйн байрлалаас үл хамааран дэлхий дахинд боловсролын тэнцвэртэй байдал бий болгох зорилгоор анх Монголын Скаутын холбооны дэмжлэгээр байгуулагдаж байсан. Өнгөрсөн жил зуны амралтаар тус танхимд “Номын анд” аяныг амжилттай зохион байгуулж Завхан аймгийн 108 багийн 647 хүүхдийг хамруулсан байна. Харин энэ жил англи номын сарын аянд хүүхдүүд цахимаар хамрагдаж байгаа талаарх мэдээллийг Номын сангаас өглөө.

Холбоотой мэдээ