Дэлхийн монголчуудын 5 км-ийн цахим уралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 12:34:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “MGL Running Channel” сувгаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг хамруулсан анхны 5 км-ийн цахим гүйлтийн уралдааныг өнгөрсөн сарын 23-25-нд зохион байгууллаа.


Уралдаанд Монгол, Солонгос, Америк, Англи, Австрали, Австри зэрэг 16 улсад амьдарч буй монголчуудын 56 багийн 431 тамирчин оролцсон бөгөөд коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс цахимаар холбогджээ. Уралдаанд тэргүүн байрыг Япон улсаас оролцсон Ц.Цэрэнбат ахлагчтай “Эрүүл Монголыг хамтдаа” баг эзэлж, алтан медаль (гүйлтийн тэмцээний цахим медаль), өргөмжлөлийн эзэн болжээ. Харин дэд байрт Монгол Улсаас оролцсон Ц.Алтансүх ахлагчтай “iRUN Team-1” баг, гутгаар байрт Д.Ганбат ахлагчтай “iRUN Ахмадын золбоо” баг орсон байна.


Мөн шилдэг гэр бүлийн багаар “Аз жаргалтай гэр бүл”, “Цоглог гэр бүл”, “Ээж ба охид” баг шалгарч, шилдэг өсвөр үеийнхэн багаар “Ironman club of Mongolia” баг, шилдэг ахмадын багаар “Амьдрал сайхан” ахмадын баг, шилдэг эмэгтэй багаар “Jogging moms”, “iRUN Ээжүүд хүчтэй”, “Эрхэмсэг 8”, хамгийн идэвхитэй багаар “Гүрэн Монгол”, хамгийн цоглог багаар “Актив-Адуунууд цаашаа”, “Актив-Тавлин”, “Sissi” баг шалгарчээ Түүнчлэн олны хайрыг татсан багаар “Ээжүүд эмээ нарын баг”, танилцуулгаараа олны таашаалд нийцсэн багаар “Цэцгэн дундах зөгий”, “Нагасакигийн нисэгчид”, “Tokyo Running Mothers” баг тус тус шалгарчээ.


“MGL Running Channel” нь эрүүл зөв амьдралын хэвшлийг уриалах, тэр дундаа гүйлтээр хичээллэж байгаа болон хичээллэж эхлэх гэж байгаа хүмүүст мэдээлэл хүргэх, туршлагаа хуваалцах боломжийг бий болгох зорилготойгоор энэ оны 3 сард байгуулагджээ. Цаашид  10км, хагас марафон, бүтэн марафон зэрэг цахим гүйлтийн тэмцээнийг цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.


Ташрамд дурдахад, Цахим гүйлтийг зохион байгуулах санаачилгыг АНУ-д амьдардаг, дунд болон  холын зайн гүйлтийн ОУХМ, Ирис Мөнх гаргаж, “MGL Running Channel”, “izoneusa” “Хамтдаа алхаж гүйцгээе групп” хамтран зохион байгууллаа. Ирис Мөнх нь Бостон, Нью Йорк, Чикаго, Токио, Берлины 25 гаруй бүтэн марафон, 50 хагас марафон, 5 ба 10 км-ын уралдаанд оролцож байсан бөгөөд 2019 оны Берлин марафоноос мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.

Холбоотой мэдээ