Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-31 13:13:30

ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ. Тэдгээр байгууламжийг Япон даяар тогтоосон онцгой байдлыг цуцалсны дараахан нээсэн юм.


“Музей, номын сан зэрэг 119 газрын үйл ажиллагааг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 18 хүртэл зогсооно” гэж хотын удирдлагууд мэдээлжээ. Китакюшү хотод сүүлийн найман өдөр дараалан халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж, нийт 85 хүн халдвар авсан бөгөөд тэдний 31 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.


Өнөөдрөөс хаагдаж буй газруудын нэг нь Китакюшү хотын Урлагийн музей юм. Уг музейн хувьд орон даяар онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор нэг сар хагасын турш хаалттай байсан бөгөөд дөнгөж 12 хоногийн өмнөөс үйлчлүүлэгчдийг хүлээн авч эхлээд байжээ.


“Бид хотын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд үйлчилгээний газруудыг нээх шийдвэрийг гаргана” гэж хотын удирдлагууд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ