Уур амьсгалын өөрчлөлтөөс дайжих биш зохицож амьдаръя

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2016-05-09 10:34:33

Өнөөдөр манай дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн хувьсч, хүн амын бөөгнөрөл, хотжилт үүсэхийн хэрээр хүний амьдрах таатай орчин улам бүр хумигдаж байна.

Yйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн сүүлийн 100 гаруй жилд хүн төрөлхтөн өөрийн ая тухтай амьдрах орон гэр болсон эх дэлхийдээ хайр гамгүй хандаж ирсэний уршгийг жил ирэх тусам хүмүүс мэдрэх болов. Энэ бол цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, байгаль орчны бохирдлын хор уршиг бөгөөд үр дагавар нь дэлхийн аль ч улс орны тулгамдсан шийдвэрлэх асуудал болжээ. Ялангуяа ядуу буурай, хөгжиж буй улс орнуудад хор уршиг нь илүүтэй мэдрэгдэж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд Парис хотноо 200 орчим орны төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг сайжруулах зорилго бүхий урт хугацааны, дэлхий нийтийг хамарсан бүтцийг бий болгох зөвшилцөлд хүрсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод хүргүүлсэн “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” хэмээх бичиг баримтад “Уур амьсгалын өөрчлөлт нь Алтайн нурууны уулсын мөнх цас хайлах, говь нутагт гол, нуурууд ширгэх, тал хээрийн бүсэд хөрс, бэлчээр доройтох явцыг түргэтгэсэн” гэж онцолжээ. Манай оронд цаг уурын онцгой үзэгдэл, зуд, ган гачиг тохиох давтамж нэмэгдэх болсон нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар юм.

Монгол Улсын хувьд тодорхой ажил, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч үр дүнд хүрээгүй нь өнөөдрийн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа нь тодорхой. Үүний зэрэгцээ манай ард иргэдийн хэвшмэл болсон буруу дадал зуршлаа өөрчлөхөд нь мэдээллээр хангах, таниулан сурталчилах дорвитой, өргөн хүрээтэй ажил үгүйлэгдэх болов. Харин үүнийг бид хэрэгжүүлж чадвал илүү бодитой үр дүнд хүрч болно гэдгийг БОНХЯ-ны болон НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” (MON/12/301) төслийн хэрэгжүүлж буй ажил нотолж байна. Төслийн зорилт нь тодорхой үр дүнд хүрч, төсөл хэрэгжиж буй нутгийн иргэдийн амьдралын дадал зуршилд шинэ дэвшилтэт өөрчлөлт гарах суурийг бий болгож чаджээ.

Мал аж ахуй, газар тариалан, жимс, хүнсний ногооны аж ахуй эрхэлж байгаа болон хүсэл сонирхолтой Увс аймгийн иргэд, малчид, тариаланчдын хувьд, усны зүй зохистой хэрэглээ болон тэгш хүртээмжийн талаар олон бэрхшээл үүсээд байв. Увс нуур- Тэсийн голын сав газраар оршин суугчдын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутаг юм. Тиймээс ч Хархираа, Түргэн голын усны зөв зохистой хуваарилалт, хэрэглээг иргэдийн оролцоотой хүртээмжтэй, оновчтой болгох шаардлага тулгарсан. Харин нутгийн иргэд уг асуудлыг УАӨДЗ төслийн хүрээнд хамтран шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэний үр дүн гарч эхэлжээ. Төсөл хэрэгжсэн 3-4 жилд эргэлт буцалтгүй болсон уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох талаар бүс нутгийн иргэд мэдлэг, мэдээлэлтэй болж, гадаргын усаа ямар арга замаар үр өгөөжтэй ашиглах, хэмнэх талаар шинэ дадал, арга барил эзэмшиж байна.

Сүүлийн жилүүдэд Увс аймгийн иргэд, тариаланчид усны хүртээмжийн тэгш бус байдлаас болж иргэд хоорондын зөрчил маргаан үүсэх тохиолдол ч гарсан. Энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэх гарц нь Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/ гэдгийг нутгийн иргэд “Дасан зохицох” төслийн ачаар ойлгож эхэлжээ. Ингээд 2015 оны эхээр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд  болон НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж  байгаа “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн орон нутаг хариуцсан зохицуулагчид хамтран Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Тариалан сумын иргэдтэй уулзан УХХ хэмээх ТББ-ын ач холбогдлын талаар таниулснаар анхны УХХ-д байгуулагджээ. Энэ нь үнэхээр цаг үеэ олсон ажил байв. Нутгийн иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж санаа бодлоо нэгтгэж, хамтарч ажилласнаар илүү үр дүнтэй болохыг ойлгох болсон юм.

                      Сайн туршлага, зөв дадлыг түгээн дэлгэрүүлье

Тус бүс нутагт усны эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдээд байхад Хархираа-Түргэний сав газрын өндөр уулсын мөнх цэвдэгийн цас, мөс нь дулаарлаас үүдэн их хэмжээ /2 жилд 4,5-5 метр зузаан мөс /-гээр хайлж байна.

“Дасан зохицох” төслөөс зохион байгуулсан сургалт, зөвлөгөөнөөр энэ тухай тодорхой судалгааг тоо баримттай нь нутгийн иргэдэд таниулсан юм. Дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар үнэн бодит мэдээлэлтэй болсон иргэд усаа зүй зохистой, тэгш хүртээмжтэй ашиглах талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авснаар тэд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Мөн ус хуримтлуулах ардын уламжлалт аргаа сэргээж, харилцан сайн туршлагаа солилцох болжээ. Гадаргын усны түвшин тогтворгүй болж хүртээмж нь багасч байгаа энэ үед нутгийн иргэд ийнхүү нэг зүг харж чадсан нь том дэвшил юм.

Ингэснээр тэд байгаа усаа үр ашигтай зарцуулах, тэгш хүртээмжтэй байлгах аргад суралцаж амьжиргаа, аж ахуйгаа сэргээж, хамтдаа хөгжин дэвжиж байна. Мөн шинээр ажлын байртай болох боломж ч нэмэгджээ. Тухайлбал, /өвөл, хавар цас, мөсийг овоолж хуримтлуулах/ тошин халиах, хаврын шар ус тогтоох зэргээр нутгийн УХХ-дын гишүүд, иргэд, гадаргын усаа зохистой ашиглахаар хамтран эхлүүлсэн ажлууд нь үр дүнтэй болж байна.

Тэдний энэ мэт сайн туршлага, технологийг зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй улс орны хэмжээнд түгээн хэрэгжүүлэх боломжтой юм. Төслийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн гаргасан судалгаа, аргачлал, зөвлөмжийн дагуу амьдрал дээр иргэд, хамт олон, хоршоодын хэрэгжүүлсэн ажил нь маш өгөөжтэй байгааг энд онцлох учиртай. УАӨДЗ төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Тариалан, Наранбулаг, Түргэн зэрэг сумын иргэдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн зайлшгүй хэрэгцээтэй байгаа усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, жимс, хүнсний ногооны аж ахуй эрхлэхэд нь усны асуудлаа шийдэх гарц, арга замыг судалж, удирдан чиглүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч өргөжиж байна. Энэ бүхэн нь “Дасан зохицохуй” төслийн үр дүнд бий боллоо гэдгийг нутгийн иргэд талархан хэлж байв.

Цаашдаа усны зүй зохистой ашиглалтын талаар иргэд, малчид, ус хэрэглэгчдэд зориулж мэргэжил, арга зүйн сургалт зохион байгуулж мэдээллээр хангах нь чухал байна. Өнөөдөр Наранбулаг суманд 100-гаад га газарт усны асуудлаас болж олон өрх айл газар тариалан эрхэлж чадахгүй байгаа. Иймд нутгийнхан 2016 онд хөрөнгө оруулалтаар дэмжих ажлуудын саналаа холбогдох байгууллага болон төсөлд хүргүүлжээ. Тухайлбал, сумын төвд шахмал түлшний цех болон Тээлийн боомын чиглэлд усыг доош урсгах 10 км-ийн урттай усны суваг байгуулах саналыг онцолжээ. УАӨДЗ төслөөс хэрэгжүүлж буй ажлууд нь нутгийн иргэд, хоршоодын ажил, амьдралд өгөөжтэй нь хэрэгжилт, үр дүнгийн явцаас илхэн харагдаж байв.

Давагдашгүй, эргэлт буцалтгүй болсон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга боломж, гарц байдгийг уг төслийн мэдээлэл, сургалтын ачаар сурч мэдэж өөрийн амьдрал ахуйдаа хэрэгжүүлсэн энэ хүмүүсээ дэмжиж, сайн туршлага, шинэ технологийг нь бусад аймаг, бүс нутагт түгээн таниулснаар олон айл өрх, иргэдийн амьдралын чанар дээшилж, орлого нэмэгдэх боломжтой юм.

Увсчууд төрөлх нутаг орондоо хамтын хүчээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах олон гарц байдгийг уг төслийн ачаар улам бүр ойлгож, өөрсдөө шинэ боломж эрэлхийлэх болжээ. Нутгийн иргэд сайн дураараа гол ус, булаг шандаа хамгаалах, усаа хэмнэх, хуримтлуулах, дуслын усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх хөдөлгөөнд нэгдэх болсон нь төслөөс зөв мэдээлэл түгээн дэлгэрүүлсэнд оршиж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь эргэлт буцалтгүй, давагдашгүй хүчин зүйл болоод байгааг та юу гэж ойлгож байна вэ? Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэж юуг хэлээд байгаа талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд “Дасан зохицох” төслийнхөн үр дүнтэй ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, уг төслийн зорилт, хэрэгжилт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцын талаар “Дусал ус” баримтат кино бүтээж гаргасан нь олон хүнийг УАӨДЗ үйлсэд нэгтгэх том сурталчилгаа боллоо. Энэхүү танин мэдэхүйн баримтат кино нь эх сурвалж, судалгаа, тоо баримт дээр тулгуурласан ойлгомжтой, хялбаршуулсан учраас хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хандлагад нөлөөлөхүйц сайн бүтээл болж чадсан юм.

Мөн усны хэрэгцээ, ашиглалт, ач холбогдлын талаар төсөл хэрэгжүүлэгчдээс “Усны өчил” хэмээх дуу төрсөн нь хүүхэд, залуусын усны тухай хандлага, сэтгэлгээг өөрчилж, буруу дадал зуршлаа эргэж харахад ч хүргэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох талаар хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, зөв дадал эзэмшүүлэх нь өнөөгийн эн тэргүүнд тавих зорилт болжээ. Ихэнх хүмүүс хуучин дадал, зуршил, сэтгэлгээгээ өөрчлөхийг хүсдэггүй. Харин хүрээлэн байгаа байгаль орчны эргэлт буцалтгүй болсон уур амьсгалын өөрчлөлтөд хүссэн хүсээгүй дасан зохицож, хуучин дадал, сэтгэлгээгээ өөрчлөхөөс өөр гарц байхгүй гэдгийг бид ухаарах цаг иржээ. Сайн үйлсийг дэмжин дэлгэрүүлцгээе.

Д.Өлзий

Холбоотой мэдээ