Европын Холбоо Монгол Улсад 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-29 15:05:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос анх удаа Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж олгох санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.


Энэ хүрээнд 2020-2024 онд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зориулан 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7,8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техникийн туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулах юм.



Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй шилжүүлэхээр ажиллаж байгааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян  Лауренцю Христеа тэмдэглэв.


Тэрбээр "Европын Холбооны Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан сайд 2018 онд Монгол Улсад айлчлах үеэрээ төсвийн дэмжлэг үзүүлэхээ амласан. Энэхүү буцалтгүй тусламжаар Монголын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, төсөв, санхүүгийн удирдлага, татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эхний ээлжийн 16 сая еврогийн санхүүжилтийг нэн даруй олгоно. Түүний араас Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран цар тахлын нөлөөнд автсан бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор 11 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор ажиллаж байна" хэмээлээ.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын төсөв ил тод байдлын индексээр 15 орноор урагшилж дэлхийд 46-д эрэмбэлэгдэж байна. Татвар төлөгчдийн бүрдүүлж буй төсвийг ил тод, үр дүнтэй зарцуулах чиглэлээр Засгийн газар, Сангийн яам хичээнгүйлэн ажилласны үр дүнд олон улсын байгууллагуудын төсөвт итгэх итгэл нэмэгдэж байгаад баяртай байна" гээд улсын төсөвт дэмжлэг үзүүлж буй Монгол Улсын хөгжлийн түншүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


Мөн үеэр  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улс Европын Холбооны “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалт”-д орсон талаар байр сууриа илэрхийлсэн юм.


Түүний хэлсэнчлэн Европын Холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ФАТФ-ын жагсаалтад байгаа улс орнуудыг эрсдэлтэй хэмээн өөрийн жагсаалтдаа оруулах ёстой байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, эдийн засаг, гадаад харилцааны бодлоготой огт хамааралгүй гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улсад Европын Холбооноос үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг, худалдаа эдийн засгийн харилцаанд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг өнөөдөр байгуулсан санхүүжилтийн хэлэлцээр харуулж байгааг тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ