Онон нэртэй хөхөө Замбиас Монгол хүртэл хамгийн урт нүүдэл хийжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-05-28 13:53:55

ЛОНДОН. /Daily Mail/. Нэгэн хөхөө хуурай газрын ямар ч шувууны хийж байгаагүй урт нүүдлийг хийжээ. Монголын Онон голын нэрээр нэрлэсэн уг хөхөөний нүүдлийг судлаачид ажигласан байна.


Африкийн Замбиас ниссэн Онон нэртэй хөхөө 12 мянган километрийг туулж Монголдоо иржээ. Уг тэсвэртэй шувуу Энэтхэгийн далай дээгүүр зогсохгүйгээр 2600 орчим километр нисжээ. Мөн хүчтэй салхийг сөрөн 16 улсыг дамнан ниссэн байна.


Замбид өвөлжсөн Ононг өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд эх нутаг руугаа нүүдэллэхээс нь өмнө байршил илрүүлэгч суурилуулжээ. Онон Кени, Энэтхэг, Бангладеш зэрэг орнуудын дээгүүр 60 километр цагийн дундаж хурдтайгаар нисжээ.



Мөн Замбиас ниссэн өөр нэгэн хөхөө болох Баянг өлссөний улмаас үхсэн эсвэл амьтны идэш болсон хэмээн таамаглаж байгаа бөгөөд уг шувуу Хятадын Юньнань муж хүртэл нисжээ. Баян хоёрхон долоо хоногийн дотор 10 мянга гаруй километр замыг туулсан байна.


Эдгээр хөхөө нь “Монголын хөхөө” төслийн шувууд бөгөөд Монгол, Их Британийн судлаачид хамтран хөхөөний урт зайн нүүдлийг судалжээ. Судлаачид нийт таван шувуунд байршил илрүүлэгч суурилуулсан боловч зөвхөн Онон л аяллаа дуусгаж чаджээ.


Их Британийн судлаач, доктор Крис Хьюсоны “BBC” сувагт мэдээлснээр, Ононгийн туулсан зай болон хурдаас нь үзэхэд хөхөөнүүд нүүдэллэхээсээ өмнө жингээ нэмж, нүүдэллэх үедээ өөрт таатай нөхцөлийг бүрдүүлдэг болох нь ажиглагдсан ажээ.


Их Британийн хөхөөнүүдийн хувьд зургадугаар сард нүүдэллэж эхэлдэг байна. Энэ төрлийн шувууд нь бусад шувууны үүрэнд өндгөө үлдээдгээрээ онцлог юм. Хамгийн урт зайд зогсохгүйгээр ниссэн шувуу 2007 онд 11500 километр зайг туулж байжээ. 

Холбоотой мэдээ