Тамхинаас татгалзаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:18:43

Баянхонгор аймагт улирагч сарын 5-наас энэ сарын 5-ыг хүртэл сарын хугацаанд “Тамхигүй орчин бүрдүүлье” сарын аяныг албан байгууллагуудын дунд амжилттай зохион явуулсан байна.

Аяны хүрээнд нийтдээ 5000 гаруй хүнд “Тамхины хор хөнөөл” сэдвээр сургалт явуулжээ.  Мөн хугацаанд 15 хүн тамхинаас бүрэн татгалзаж, 85 хүн өдөрт татдаг тамхиныхаа тоог цөөрүүлсэн нь “Тамхигүй орчин бүрдүүлье” хэмээх тус аяны үр дүн аж.

Аяны хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож “Тамхигүй орчин” бүрдүүлэхэд хамт олон, иргэдэд чиглэсэн олон талын үр дүнтэй ажил явуулсан “Эрдэнэмандал” ахлах сургууль шилдэг хамт олноор шалгарсан байна.

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан тус аяны хүрээнд танин мэдэхүйн болон илтгэлийн тэмцээн, сургалтуудыг явуулсан байна. Мөн хугацаанд олгосон мэдлэгээр “Алтан хонх” тэмцээн хийхэд тэргүүн байрыг “Эрдэм” ахлах сургуулийн Газарзүйн багш Д.Лхагвасүрэн эзэлсэн бол, “Эрдэнэмандал” ахлах сургуулийн Химийн багш Ц.Мөнх-эрдэнэ, “Эрдэнэмандал” ахлах сургуулийн Газарзүйн багш Ж.Хүрэлбаатар нар шалгарчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ