Шатахууныг холих юм уу, өөрчлөн борлуулсан явдал гараагүйг албан ёсоор мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-26 17:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнэ сүүлийн саруудад буурч буйтай холбоотойгоор А-80 автобензинийг Аи-92 болгон октан өндөрсгөн худалдаж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгсэл, сайтаар гарах болсон. Энэ талаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяраас өнөөдөр шатахууны үнийн талаар мэдээлэл хийх үеэр тодрууллаа.

Тэрээр энэ талаар хариулахдаа, хилээр орж буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээн дээр тулгуурлан тайлбарласан юм. А-80 бензинийг манай улс өнгөрсөн 5 сарын хугацаанд 15 мянган тонныг импортолсон бол Аи-92 бензинийг 142 мянган тонн буюу бараг 10 дахин илүү хувь хэмжээгээр оруулж иржээ. 

Тиймээс А-80 автобензинийг ямар нэг байдлаар Аи-92 болгон борлуулж буй явдал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв. Ингэхдээ, ер нь А-80 автобензиний хэрэглээ орон нутгийг эс тооцвол сүүлийн үед хот суурин газар, Улаанбаатар хотод багасаж байгаа гэв. А-80-ыг манай улсад хөдөө, орон нутагт голдуу мотоцикл, УАЗ-469 болон УАЗ фургон зэрэг тээврийн хэрэгсэлд хэрэглэж байгаа аж. 

Харин хот суурин газар, нийслэлийн хэмжээнд дийлэнх хэрэглэгч Аи-92 бензинийг хэрэглэх болсныг дуулгаад, "Нийслэлд 250 гаруй ШТС ажилладаг. Үүнээс 40 шахам нь А-80 бензинийг худалдаанд нийлүүлж байна. Нэг ёсондоо бид импортын хэмжээгээр бүтээгдэхүүний хэрэглээгээ хянаад явдаг. Тэртээ тэргүй, 216 болон 217 гэсэн стандарт болон дүрэм журмынхаа хүрээнд ч гэсэн оруулж ирж буй нефтийн бүтээгдэхүүн дээр нэмж өөр бүтээгдэхүүн хийхийг хориглосон хуулийн заалт бий. 

Үүнийг зөрчсөн аль ч ААН, компанийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5-ын 2-т зааснаар тусгай зөвшөөрлийг нь шууд түтгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авдаг. Тиймээс шатахууныг холих юм уу өөрчилж, хуурамч бүтээгдэхүүн болгон борлуулж буй явдал байхгүй" гэв.


Холбоотой мэдээ